СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-25

🔴LIVE: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Аялал жуулчлалыг дэмжих сан байгуулах шаардлагагүй гэж үзсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийн тухай ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.

 УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-УИХ-аар Төмөр замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/  болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцээд явж байна. Төмөр замын салбарт анх 1946 онд хэлэлцээр хийгдэж, 1949 онд анхны төмөр зам баригдсан. Түүнээс хойш монголчууд төмөр замын үйлчилгээг авч эхэлсэн түүхтэй. УБТЗ ХНН гэдэг ганц байгууллагатай байсан бол одоо дөрвөн суурь бүтэц эзэмшигч байна. Төмөр замын хууль нь 2007 онд анх батлагдсан. Зах зээл, өрсөлдөөн бий болсон учраас шинэчлэн сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн гэж хэлж болно.

Хуульд орж байгаа нэг том өөрчлөлт нь, төмөр замын суурь бүтэц эзэмшигч, төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани нь тусдаа байхаар зааж өгсөн. Хуульд орж байгаа энэхүү өөрчлөлтийг дагаад “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг нь тээвэрлэгч болон суурь эзэмшигч байхаар болж хоёр компани болж хувирах ёстой.  Өрсөлдөөн нээлттэй байх, зах зээлийн үед тэгш хүртээмжтэй байх зохицуулалт тусгасан.

Монгол Улс 1900 орчим км төмөр замтай байсан. Сүхбаатараас- Замын-Үүд хүртэлх гол магистрал төмөр зам байсан. Сүүлийн жилүүдэд Тавантолгойгоос-Зүүн баян, Тавантолгойгоос-Гашуун сухайт, Зүүн баян-Хангийн төмөр замыг барьснаар шинээр 897 км төмөр замтай болсон.  Одоогоор нийтдээ 2800 гаруй км төмөр замтай болсон.

Энэ хуульд нэн тэргүүнд  төр болон хувийн хэвшлийн төмөр замын харьцааг уялдуулах ёстой. Зам тээвэр хөгжлийн яамны харьяа Төмөр замын агентлаг бий болно. Агентлаг нь төмөр зам хоорондын харьцааг зохицуулах хууль болон бусад хэрэгжилтийг хянаж явна. Австрали улсад нэг чиглэл рүү таван компани таван зам тавьсан асуудал байдаг. “Энэ замыг би өөрийн хөрөнгөөр тавьсан учраас өөр компаниар тээвэр хийлгэхгүй” гэдэг асуудал үүссэн юм билээ. Тийм учраас энэ уялдааг зохицулах шаардлагатай гэж үзэн, агентлаг байгуулахаар зааж өгсөн.

Одоогоор 12 мянга гаруй хөдлөх бүрэлдэхүүн бүртгэлтэй байгаагаас 50 орчим хувь нь хувийн хэвшилд харьяалагддаг. Тэгэхээр төр болон хувийн хэвшлийн тээврийн үйл ажиллагаа явуулах, эрх тэгш явуулах зэрэг томоохон зохицуулалт орж ирсэн. Нэн тэргүүнд тээвэрлэлтийн тарифыг зохицуулах асуудал орсон.  Улаанбаатар төмөр замын тээврийн тариф буюу нүүрсний тээвэр дээр төр хязгаарлалт тавьж ирсэн.

Тээврийн үнийг нэмбэл эрчим хүчний үнэд нөлөөлнө гэдэг утгаар тарифыг барьж байдаг. Тиймээс энэ хуульд төмөр замын тарифын аргачлалыг тухайн төмөр замын асуудал хариуцсан сайд батлахаар, тарифыг тухайн төмөр замын байгууллага гаргаж өгнө. Тариф нь бодитой юу гэдгийг төрийн захиргааны байгууллага буюу тарифын зөвлөл хянана. Орон тооны бус тус тарифын зөвлөл нь судалгаа хийх, дүгнэлт гаргах эрх үүрэгтэй ажиллах юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн монофоль эрх эдлэхгүй, хэн нэгэн нь хааж боохгүй, тарифыг өндөр өсгөхгүй гэсэн зөвлөмж гаргаж өгнө.

Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмөр зам барьж байгаа.1 км нь 1.5 сая ам.доллараар баригдсан. Зах зээлийнх нь үнэ 2-3 сая ам.доллар хүрч байгаа, түүнээс дээш ч байгаа. Төмөр замыг концессоор барьсан тохиолдод тухайн тарифаа нэмэхгүй байх, концесс эзэмшигч нь оруулсан хөрөнгөө олж авахын тулд тээвэр хийх боломжийг нь нээх, концессын үйл ажиллагаа хийхэд нээлттэй байх талаар нь хуульд зааж өгсөн.

ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг:

 -Аялал жуулчлалын тухай хуульд Засгийн газраас ач холбогдол өгч байгаа. Хууль болгоныг дагуулж сан байгуулаад явах бодлогыг Эдийн засгийн байнгын хороо цаашид ч дэмжихгүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад иргэн, ААН, хуулийн этгээд хооронд үүсэх харилцааг энэхүү шинэчилсэн хуулиар зохицуулна. Ирсэн жуулчдад орон сууц, зочид буудлаар үйлчлэх ёстой. Хуулийн хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-ийг дэмжих зохицуулалт орж байгаа. Мөн зорчигч тээврийг зохицуулна. Түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох чиглэлд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй хуулийн төсөл гэж ойлгож болно.

Бидний аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох нүүдлийн аж ахуйтай холбоотой аялал жуулчлал эрсдэл ихтэй байдаг. Тиймээс энэхүү эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо, шаардлагыг оруулж өгсөн байгаа. Мөн гадаадын жуулчдад даатгал хангалттай байх шаардлагуудыг тавьж өгч байна. Зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хөнгөвчлөх заалтуудыг оруулсан байгаа. Төрийн хүнд суртлын эсрэг Зөвшөөрлийн тухай хуулиар ямар нэгэн тусгай зөвшөөрөл шаардлагагүй боловч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээд бүртгүүлэх шаардлагатай гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.