СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-24

Зэсийн нийлүүлэлт хумигдана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр: 

  1. MMC 2024 онд төлөгдөх бондоо буцаан авах болон солих санал гаргалаа.
  2. "Говь ХК"-ийн эхний улирлын цэвэр алдагдал өмнөх оны мөн үеэс 57 хувиар буурав.
  3. Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда Монголад айлчилна.

*Нэг өдрийн өөрчлөлт | Сүүлийн 6 сарын график

MMC-ийн бонд

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation компани 2024 онд төлөгдөх, 9.25%-ийн хүүтэй бондоо буцаан авах болон солих саналаа хөрөнгө оруулагчдад гаргалаа. Энэ хүрээнд шинээр бонд гаргаж, одоогийн бонд эзэмшигчдэд санал болгохоор болсон байна. Шинэ бондтой холбоотой саналуудын хугацаа 5-р сарын 3-нд дуусгавар болно. Мөн шинэ бондыг 5-р сарын 10-ны өдөр Сингапурын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр зорьж байгаа аж.

Рекорд тогтоох жил

Үйл ажиллагааны зардал нь тогтвортой түвшинд хадгалагдсанаар "Говь ХК" болон охин компаниудынх нь цэвэр алдагдал нэгдүгээр улиралд 3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 57 хувиар буурчээ. Тайлант хугацаанд компани 41.1 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан нь өмнөх оны мөн үед 25.6 тэрбум төгрөгийн орлоготой байсантай харьцуулбал ойролцоогоор 60 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 2022 онд алдагдлын хэмжээг 79 хувь бууруулсан бол 2023 онд борлуулалт түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй хэмээн тус компанийн Стратеги хөгжил хариуцсан захирал Б.Амарсайхан  "Bloomberg TV Mongolia"-д ярьж байв.

Байр суурь

"Улс төрийн нам байгуулахын тулд гарын үсэг цуглуулах шаардлага тавигддаг орнуудын хувьд хамгийн өндөр босго тогтоосон нь 34 сая хүн амтай Узбекистан улс 20 мянган гарын үсэг, 19.5 сая хүн амтай Румын улс 25 мянга гэх мэтээр тогтоосон байдаг. Гэхдээ ямар ч өндөр босго тогтоосон нийт хүн амын 0.4 хувиас хэтэрдэггүй. Монгол Улс 2 сая бүртгэгдсэн сонгогчтой гэж үзвэл 20 мянган хүн эвлэлдэн нэгдэж нам байгуулахаар байна. Нам байгуулахад ийм олон хүн шаардлагатай байгаа нь бид 2019 оны ҮХНӨ-өөр дэлхийд байхгүй өндөр босго тогтоосон гэсэн үг. Венецийн комиссоос үүнийг иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж байгаа тул халах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өгсөн байдаг" хэмээн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн хуульч Н.Энхцэцэг "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.

Цементийн үйлдвэр

Жилд 250 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, цаашдаа баруун бүсийн хэрэгцээг бүрэн хангах хүлээлт бүхий "Ховд эко цемент" үйлдвэр ашиглалтад орсныг ЕТГ мэдээллээ. Тус үйлдвэр нь хуурай аргаар буюу түүхий эд олборлох, бутлах, нунтаглахад ус ашигладаггүй технологиор үйлдвэрлэл явуулдгаараа онцлогтой аж. Үйлдвэрийн төслийг "Нью Прогресс Групп" санаачилж, гүйцэтгэгчээр "Western Hold”, "BTIEC" компани ажилласан байна.

Тээврийн сэргэлт

Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр нэмэгдэж,  агаарын тээврийн зорчигч урсгал өссөнтэй холбоотойгоор нэгдүгээр улиралд бүх төрлийн тээврийн орлого 705.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 2.3 дахин өссөнийг ҮСХ мэдээллээ. Тухайлбал, эхний улиралд агаарын тээврийн орлого 3.7 дахин, авто замын тээврийн орлого 2.6 дахин нэмэгдсэн бол төмөр замын тээврийн орлого 71 хувиар тус тус өсжээ. Зогсонги байдалд ороод байсан нүүрс тээвэр болон барилгын материалын тээвэрлэлт 2022 оны сүүлийн хагасаас эргэн сэргэснээр статистик үзүүлэлтүүд өсөлттэй гарч байна.

Kpop фестиваль Монголд

Энэ зуны долоодугаар сарын 21-30-ны өдрүүдэд Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын ойролцоо Kpop хөгжмийн фестиваль зохион байгуулахаар төлөвлөснийг Аялал жуулчлалын хөгжлийн төв мэдээллээ. Одоогоор хөгжмийн фестивалд оролцох хамтлаг, дуучдын нэрсийг албан ёсоор тогтоогүй ч БНХАУ, Япон, ОХУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад танигдсан уран бүтээлчдийг урьж, жуулчдыг татахаар зорьж буйг онцолжээ. Монгол Улсын 2023 онд нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байгаагаас зуны саруудад 550 мянга гаруй жуулчин авахаар тооцоолоод байна.

Элчин сайдын үг

ОХУ-ын Украинд хийж буй дайныг зогсооход БНХАУ-ын дэмжлэгийг нэгтгэх Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны дипломат хүчин чармайлт дахин нэг цохилт амсав. Франц улсад суугаа БНХАУ-ын Элчин сайд Лю Шэ Е хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудыг тусгаар тогтносон статустай гэж үзэх олон улсын эрх зүйн үндэслэл байдаггүй гэж TF1 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Элчин сайдын энэхүү мэдэгдэл олон улсаас, тэр дундаа Эстони, Латви, Литва гэсэн Балтын орнуудаас хүчтэй шүүмжлэлтэй тулгарсан бөгөөд тэдгээр улсуудын эрх баригчид Хятадын дипломатчдыг дуудан ирүүлж энэ талаар тайлбар шаардахаа мэдэгджээ.

Биткойн цойлно

Биткойны одоогийн сэргэлт нь ирэх онд үргэлжлэх өсөлтийн мөчлөгийнх нь дөнгөж эхлэл бөгөөд шинэ токены нийлүүлэлтийг хязгаарладаг "halving" (хагаслах) хэмээх үйл явцын нөлөөгөөр биткойны үнэ 50 мянган ам.доллар давна хэмээн виртуал хөрөнгийн шинжээчид тооцоолжээ. Дэлхийн тэргүүлэх криптовалют 2022 онд огцом уналтад орж байсан бол энэ он гарсаар 70 хувиар өсөөд байгаа юм. Өдгөө биткойны үнэ 30 мянган ам.долларын орчимд хэлбэлзэж байгаа ч "halving" нь одоогийн түвшнээс дор хаяж 78 хувийн өсөлтийг авчрах боломжтойг "Bloomberg Intelligence" онцолж байна. 

Зэсийн нийлүүлэлт хумигдана

Шинээр илүү олон уурхай нээгдээгүй тохиолдолд ирэх арван жилд зэсийн эрэлт нийлүүлэлтээ давах төлөвтэйг "Дэлхийн зэсийн чуулга уулзалт-2023" арга хэмжээний үеэр салбарынхан онцоллоо. "Goldman Sachs"-ийн мэдээлснээр шинээр зэсийн уурхай нээх зөвшөөрөл олгосон тоо сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрээд байгаа бөгөөд зөвшөөрөл авч, уурхай байгуулахад дунджаар 10-20 жил зарцуулагддагийг тооцвол энэ нь зэсийн нийлүүлэлт тааруу байхын дохио болж байна. Дэлхийн зэсийн нийлүүлэлт 2035 он гэхэд 26 хувиар өсөж, жилд 38.5 сая тонн хүрнэ гэж Олон улсын зэсийн холбоо үзсэн бол зэсийн үнэ 2025 он гэхэд одоогийн түвшнээс 67 хувиар өсөж, тонн нь 15 мянган ам.доллар давна “Goldman Sachs” тооцоолоод байна.

Францчуудын ноёрхол

"Hermes", "Dior", "Chanel" зэрэг брэндүүдийн цаана байдаг франц компаниуд тансаг эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд ноёрхож, дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийг улам чинээлэг болгож байна. Энэхүү ноёрхлоос хамгийн их хожсон хүмүүсийн дунд хөрөнгийн хэмжээгээрээ өдгөө дэлхийд тэргүүлж буй LVMH-ийн Бернар Арно, мөн дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй Франсуаз Беттенкур-Майерс нар багтаж байна. Өвөг эцгийнх нь байгуулсан гоо сайхны бүтээгдэхүүний эзэнт гүрэн "L'Oreal"-ийн хувьцааны ханш рекорд дээд түвшинд хүрч өссөнөөр Беттенкур-Майерсийн хөрөнгө өнгөрсөн долоо хоногт 93.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Харин Арногийн хөрөнгө 210 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгааг Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээс харж болно.

BloombergTV.mn танд санал болгож байна

Европын орнуудын батлан хамгаалахын төсөв хүйтэн дайны эцсээс хойших хамгийн өндөр дүнгээр өсөв

БНХАУ-д эрэлт сэргэснээр “L’Oréal”-ийн борлуулалт шинжээчдийн хүлээлтийг давав

Хуримын зах зээл сэргэснээр “Signet Jewelers” жилийн орлогоо $10 тэрбум хүрнэ гэж тооцоолов

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.