СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нүүрс тээврийн машин нэвтрүүлж хахууль авсан албан хаагчдад ял шийтгэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдээс хил, гаалийнхан холбогдсон хэргийг шүүх шийдвэрлэлээ. НПГ-аас 58 хүнд холбогдох долоон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсний нэгийг ийнхүү Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн тогтоолоо гаргасан байна.

Гашуунсухайтын боомтын гаалийн байцаагч Д.Эрдэнэбаяр, хилийн цэргийн 0131 дүгээр ангийн тус боомт дахь шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Д.Амартүвшин, бичиг баримтын шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгэр анд тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Ариунболд, “Ханбогд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энх-Амгалан, тус компанийн зохион байгуулагч Т.Мөрөн нарт холбогдох хэргийг НПГ-ын ажлын хэсгийнхэн гуравдугаар сарын 20-доор дээрх шүүхэд шилжүүлсэн юм.

Бидний авсан мэдээллээр БНХАУ-ын “Өвөр Монголын жин чан эрчим хүч” компанийн хөрөнгө оруулалттай “Тэнгэр анд тэнгис” ХХК-ийн тээврийн менежер Н.Ариунболд 2022 оны гуравдугаар сарын 12-нд нэг тээврийн хэрэгслийг Гашуунсухайтын боомтоор нэвтрүүлсний хариуд хилийн цэргийн 0131 дүгээр ангийн шалгагч М.Дэлгэржунай, У.Доржжүгдэр, Ж.Даваасүрэн нарт тус бүрт нь нэг сая төгрөгийн хахууль өгсөн аж.

Хилийн цэргийн 031 дүгээр ангийн Гашуунсухайтын боомтын хилчин шалгагч У.Доржжүгдэрт “Ханбогд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энх-Амгалан, зохион байгуулагч Т.Мөрөн нар өөрийнхөө болон Г.Мөнхдөл гүйцэтгэх захиралтай “Монпропа холдинг” компанийн эзэмшлийн нүүрс ачсан таван автомашиныг 2022 оны дөрөвдүгээр сард хилээр нэвтрүүлэхийн тулд 10 сая төгрөгийн хахууль өгчээ. Дээрх хоёр компанийн тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхийн тулд хилчин шалгагч М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Т.Мөрөнгөөс 18 сая төгрөг авсан нь ч мөрдөн байцаалтаар тогтоогдсон гэнэ. . Хилийн цэргийн 031 дүгээр ангийн хилчин шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржурай, Ж.Даваасүрэн нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, тус бүрийг нь 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэв. 

Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн албаны орлогчоор ажиллаж байсан Д.Амартүвшинг Ж.Даваасүрэн, М.Дэлгэржунай, У.Доржжүгдэр нартай үгсэн тохиролцож, О.Энх-Амгалан, Т.Мөрөн нарын ашиг сонирхлын үүднээс “Ханбогд инженеринг”, “Монпропа холдинг” ХХК-ийн нэр дээрх нүүрс ачсан 15 тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлж зохих хууль дүрэм, журмын дагуу хариуцлага тооцоогүйнхээ хариуд Т.Мөрөнгөөс 12 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутай гэж дүгнэжээ. Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 15 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Гашуунсухайт дахь Гаалийн газрын хэрэг бүртгэгч, гаалийн улсын ахлах байцаагч Д.Эрдэнэбаярыг “Ханбогд инженеринг”, “Монпропа холдинг” ХХК-ийн нэр дээр нүүрс тээвэрлэдэг хүнд даацын 15 автомашиныг гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт хийлгүйгээр улсын хилээр нэвтрүүлж О.Энх-Амгаланд давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Харин “Ханбогд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энх-Амгалан, зохион байгуулагч Т.Мөрөн нарыг хил, гаалийн ажилтнуудад хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасаж, тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгохоор боллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.85

Толгойг нь илээд л10 сая төгрөгөөр торгоод болоо юу одоо наадуул чинь дахиад л шархаа нөхнөгээдл үзчих нь шүү дээ Ялын бодлого гээч юм манайд ерөөсөө байхгүй нь харамсалтай

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.73

Арай дэндүү худлаа шүүх юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.