Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодуныг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар хэлэлцэв.
Улаанбаатар хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалтад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхээр зохион байгуулсан “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” арга хэмжээнд оролцсонд нь Манжуур хотын төлөөлөгчдөд хотын дарга Д.Сумъяабазар талархал илэрхийлэв.
Тэрбээр “Бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатарт айлчилж буй Манжуур хотын дарга Юүе Гуодун тэргүүтэй төлөөлөгчид та бүхэнд талархал илэрхийлье. 2022 онд БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг албан ёсоор нээсэн. Ингэснээр Улаанбаатар-Манжуур чиглэлийн шууд нислэг, мөн Монгол, Хятадын хилийн боомтуудаар харилцан зорчих иргэдийн тоо нэмэгдэж байна. Иргэд, жуулчдын урсгалыг дагасан эдийн засгийн өгөөж цаашид ч өсөн нэмэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байгаа. Нийслэлийн зүгээс БНХАУ-ын хотуудтай олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Манжуур хотын хувьд ч эдийн засаг, соёл, газар зүйнх нь онцлогт түшиглэн хамтын ажиллагаагаа тэлэх өргөн боломж бий. Цаашид олон салбарт хамтран ажиллаж, найрсаг харилцаагаа бэхжүүлэн хоёр хотынхоо өмнө шинэ боломж нээхдээ баяртай байх болно” гэлээ.
ӨМӨЗО-ны Манжуур хотын дарга Юүе Гуодун:
-Монгол, Хятад хоёр орон нь мөнхийн хөрш, сайн түншүүд бөгөөд хоёр орны ард түмний найрамдал нь өнө эртний уламжлалтай. Өдгөө хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, бүх салбарт эрчимтэй хөгжиж байна. Улаанбаатар, Манжуур хотууд ч олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай. Цаашид энэ харилцаагаа хадгалахын зэрэгцээ тодорхой салбаруудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байна. Тухайлбал, төр, захиргааны хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн шинэ гарцуудыг нээх, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллаж, хил дамнасан аялал жуулчлалын брэнд чиглэл бий болгох, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа тэлэхийг зорьж байна хэмээв.
Эдгээр чиглэлд хамтран ажиллахаас гадна хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр харилцан туршлага солилцох, Улаанбаатарт хэрэгжүүлэх томоохон хөгжлийн төслүүдэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийг оролцуулахад бэлэн гэдгээ Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар илэрхийлсэн юм. Түүнчлэн ирэх наймдугаар сард Улаанбаатарт болох Зүүн Азийн залуучуудын наадамд Манжуур хотын удирдлагыг урилаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.