СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-04-21

Монголд эмчлэгдэхгүй шээдэг сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 28 өвчтөнд үнэ төлбөргүй хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УНТЭ-т ОУ-ын Урологийн нийгэмлэгээс баг ирж Монголд эмчлэгдэхгүй шээдэг сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 28 өвчтөнд үнэ төлбөргүй хийжээ

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн хүсэлтээр IVU “Олон Улсын сайн дурын Урологийн нийгэмлэг”-ийн Michael Metro эмчээр удирдуулсан таван эмчийн баг ирж, шээдэг сүвний нарийслыг эмчлэх мэс заслыг 25 өвчтөнд, давсагны хорт хавдрыг авах мэс заслыг хоёр өвчтөнд хийжээ. Тус баг нь Монгол Улсад 2006 оноос хойш ирж, өвчтөнүүдэд мэс засал хийх, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллаж байгаа аж.

Тэгвэл УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал дээрх эмч нарын багийг хүлээн авч уузлан, талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцжээ.

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлсэн үгэндээ “УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв дээр АНУ-ын сайн дурын байгууллагаас эмч, мэргэжилтнүүд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын шинэ арга технологийг зааж, сургаж байна. Энэ ажлыг зохион байгуулж байгаа “Олон Улсын сайн дурын Урологийн нийгэмлэг”-ийн эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Энэ жил эмч нар маань манай эмнэлэгт долоо хоног ажиллахдаа нийт 28 өвчтөнд мэс засал хийсэн. Дээрх эмч нарын хэлснээр манай эмнэлгийн эмч нарын чадавхи сайжирч, багаж, тоног төхөөрөмжийн хангамж, мэс заслын өрөө ч шинэ түвшинд хүрснийг хэлж байна. Цаашид бид эмч, мэргэжилтнүүдээ сургах, шинэ технологийг нэвтрүүлж, олон иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлэх тал дээр анхаарч ажиллана. Үүнээс гадна олон жилийн хугацаанд олон улсын нийгэмлэгтэй харилцаатай байгаа Урологи-андрологийн тасгийн хамт олонд мөн талархал илэрхийлье.”гэлээ.

“Олон Улсын сайн дурын Урологийн нийгэмлэг”-ийнн эмч Michael Metro:

-Сүүлийн зургаан жилд нийт дөрвөн удаа Монгол Улсад ажиллалаа. Ирэх болгондоо өөр өөр чиглэлээр мэргэшсэн багийг авчирч эмчилгээ, мэс заслыг хийдэг. Энэ удаад бид тавуулаа ирсэн. Жил болгон ирэхэд УНТЭ-ийн мэс заслын эмч нарын ур чадвар нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Бид жил болгон өөр өөр мэс заслыг заах зорилгоор өөр, өөр багийг авчрахад УНТЭ-ийн эмч нар маань арга, техникийг сурах хүсэл эрмэлзлэлтэй, заагаад явсны дараа тухайн мэс заслыг нутагшуулаад явж байгаад нь баяртай байдаг. 

Бид хоёрын хувьд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн.

IVU буюу олон улсын урологийн сайн дурын эмч нарын багаас бүрдсэн сайн дурын нийгэмлэг байдаг. Манай байгууллагын хувьд шээдэг сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр түлхүү ажилладаг. Энэ төрлийн мэс засал нь олон улсад төдийлөн хийгддэггүй учраас бид энэ төрлийн мэс заслыг олон нийтэд түгээх зорилгоор ажиллаж байна. Шээдэг сүвний нарийсал нь эрэгтэйчүүдэд давамгайлан тохиолддог. Авто осолд орж, аарцаг ясны хугарал болох үед шээдэг сүв тасрах эрсдэл маш өндөр. Үүний улмаас гэмтэж, тухайн үедээ холбодог боловч сорвижилт үүсэн нарийсч эдгэрдэг. Үүнээс гадна УНТЭ-т ажиллаж буй сувилагч нарын чадварыг магтмаар байна. Зургаан жилийн турш ирэхэд эдгээр сувилагч нар маань ажиллаж байсан. Тэгэхээр ард иргэдийн эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа сувилагч нартаа баярлалаа гэж хэлмээр байна. 

УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн дарга Д.Баян-Өндөр:

-Олон улсын сайн дурын “Урологийн нийгэмлэг”-ээс таван хүний бүрэлдэхүүнтэй баг манай эмнэлэгт ирж, долоо хоног ажиллаж байна. Тус нийгэмлэгийн эмч Katerin De Vries анх 2004 онд Монгол Улсад аялаж явах үедээ манай эмнэлгийн урологийн салбартай танилцах үеэр сургалт, дэмжлэг хэрэгтэйг олж харан түүнээс хойш буюу 2006 оноос хойш бидэнд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хандивлаж эхэлсэн. Үүнд чулуу бутлах багаж, шээлгүүрийн дуран, бөөрний дуранг хандивлаж байсан. Хамгийн эхлээд тус баг шээдэг сүвний төрөлхийн гажиг гэсэн оноштой хүүхдүүдэд мэс засал засал хийж байлаа. Үүнээс хойш чулууны мэс засал, хавдрын мэс заслыг хийсэн бол сүүлийн жилүүдэд шээдэг сүвний нарийслыг эмчлэх баг манай эмнэлэгт ирж ажлын байрны сургалт хийсэн. Өнөөдөр бидний чулууны болон хавдрын үед үзүүлэх тусламж, үйлчилгээ орчин үеийн түвшинд хүрчихсэн. Харин шээдэг сүвний мэс засал нь дахилт ихтэй, гадны улс оронд эмчлүүлвэл 22,000 орчим долларын зардал шаарддаг. Тус баг нийт 25 өвчтөнд мэс засал хийлээ. Үүний тав нь хүүхэд байна. Эдгээр эмч нар маань өөрсдөө тоног төхөөрөмж, багажаа авчирч, тусламж, үйлчилгээ үзүүлсэнд нийт эмнэлгийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

Тус олон улсын нийгэмлэг нь ирэх онд мөн ирж, энэ төрлийн тусламж, үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.