СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилийн чанадад Монголыг төлөөлж буй байгууллагын удирдлагад “Шүүр” ажиллагаа үйлчлэх ёстой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны харьяа БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандахын хууль зөрчсөн, албан тушаалаа урвуулсан байж болзошгүй үйлдлүүдийг АТГ-т шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн оны долдугаар сард мэдээлж байсан билээ.

. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар дээрх албан тушаалтны толгойг илсэн албан бичиг үйлдсэн нь Засгийн газрын “5Ш” ажиллагааг үл ойшоосон мэт.

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын тушаалаар БНСУ дахь тус төвийн нэр бүхий 11 ажилтныг эх оронд нь буцаан сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн гэх шалтгаанаар 2022 оны гуравдугаар сарын 31-нд Д.Баярмандах тушаал гаргаж, ажлаас чөлөөлсөн байдаг. Чөлөөлөгдсөн 11 хүний дунд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэг бус хүнийг сайдынх нь шийдвэрээр үлдээсэн бол дөрвөн хүн нь ажлаа өгч нутаг буцсан аж. Харин ажлаа хийгээгүй дөрвөн хүний нэр дээр БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах цалин бодож, 2022 оны 4-6 сарын цалинг авчихсан байсныг тус улсад ажилласан ХНХЯ-ны ажлын хэсгийнхэн тогтоожээ.

Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихын тулд Засгийн газраас санаачлан Төрийн хэмнэлтийн тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд баталж, хэрэгжүүлж буй атал БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-ийн дарга Д.Баярмандах үл ойшоосны илрэл энэ. БНСУ-д ажилласан ХНХЯ-ны ажлын хэсгийнхний дүгнэлтэд “ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах ажил үүргээ гүйцэтгээгүй ажилтны цалин, урамшууллыг ажилласан мэтээр бодож 2022 оны дөрөвдүгээр сарын 7-нд гурван сая, дөрөвдүгээр сарын 22-нд хоёр сая, дөрөвдүгээр сарын 26-нд 8.4 сая, зургадугаар сарын 15-нд 5.6 сая вон авч завшсан асуудлыг шалгахад байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1 дэх хэсгийн “Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана” гэсэн заалт болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчжээ” хэмээсэн байна.

Д.Баярмандах мөнгө завшсан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэлд гарсны дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сар хүртэлх хугацаанд цалингаас нь суутган төлүүлснийг ч дүгнэлтэд дурджээ.

Түүнчлэн байна. Дээрх дүгнэлтэд “Д.Баярмандахын 9925... дугаартай хувийн гар утасны ярианы төлбөрт 2020 онд 7.7 сая, 2021 онд есөн сая, 2022 оны 1-5 дугаар сард 4.4 сая гаруй төгрөгийн төлбөрийг төсвөөс төлсөн нь Төсвийн тухай хуулийн “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн “Гар утасны зардлыг санхүүжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн” гэжээ. Мөн Төсвийн хэмнэлтийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 2021 оны 43 дугаар тогтоолын 1.1-т “үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах” заалтыг зөрчсөн гэдгийг ч ажлын хэсгийнхэн шалгаж тогтоосон аж.

“Хяналт, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг дахин гаргахгүй байх, хариуцлагыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар хугацаатай үүрэг даалгавар Д.Баярмандахад өгсөн болно” хэмээгээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар гарын үсэг зуржээ. Засгийн газраас авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлж, “5Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй. Түүний нэг “Шүүр” ажиллагааны хүрээнд Д.Баярмандахад хариуцлага тооцох хангалттай үндэслэл эл шалгалтаар ил болсон байхад дэд сайд нь сануулаад өнгөрсөн нь хачирхалтай.

“Шүүр” ажиллагааны хүрээнд “төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгахаар зорьж буй атал татвар төлөгчдийн хөрөнгөөр гар утасныхаа төлбөрийг төлүүлдэг, эрх мэдлээ ашиглан цалингаа хууль зөрчин урьдчилж авчихаад хээвнэг сууж байгаа хүн гадаад улсад Монгол Улсын Засгийн газрын агентлагийг төлөөлөөд суух нь зүйд нийцнэ гэж үү. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
118.235.14.202

Шүүрдүүлэх битгий хэл арга хэмжээ авах хэрэгтэй гар бна даа

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.87

Шүүрний хаагуур өнгөрсөн хог вэ? Ёстой булай амьтан байна ш дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.