НЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум” үргэлжилж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Өнөөдрийн форумд дэлхийн 40 гаруй улсын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Мөн манай улсад сууж байгаа Элчид сайд яамд, олон улсын байгууллагууд ч идэвхтэй оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал, шийдлээ хэлэлцүүлж буй. Төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын тулгамдаж байгаа бүх асуудлыг шийдэх боломжгүй.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлыг шийдэх гэж зүтгэж ирсэн. Улаанбаатар хотод хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр зайлшгүй шаардлагатай.
Улсын эдийн засгийн 70 орчим хувийг Улаанбаатар хот дангаараа бүрдүүлж байна. Тиймээс хотын асуудал улсын хэмжээний асуудал болсон. Миний хувьд хотын удирдлагууд УИХ, Засгийн газартайгаа хамтран ажиллах зохицуулалтыг бүрдүүлэхийн төлөө ажиллаж ирлээ. Энэ хүрээнд 27 жил гацсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан. Ингэснээр хотын хөгжил шинэ шатанд гарах нөхцөл бүрдсэн. Үнэт цаас гаргах, бонд гаргах эрх нээгдсэн. Нэмэлт эх үүсвэрээр Улаанбаатар хот хөгжих ёстой.
Улаанбаатар хотын Худалдааны танхимтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар хувийн хэвшлийн оролцоог хотын бүтээн байгуулалтад нэмэх алхам болсон. Өнөөдрийн форум Улаанбаатар хотын хөгжилд хүч нэмж байгаа. Мөн Засгийн газрын бодлоготойгоо уялдаж буй хэмээлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Форумын үеэр хэд хэдэн Санамж бичиг байгуулахаар байсан. Хэрэгжилтийг хангахад хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Санамж бичиг байгуулснаар ажил эхэлж, хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Хувийн хэвшилтэй хамтран ажиллах Улаанбаатар хот өөрөө тодорхой хөрөнгийн эх үүсвэрийг гаргах чадамжтай байх ёстой. Бид дотоод нөөц бололцоогоо ашиглана. Мөн “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн удирдлагуудад тодорхой үүрэг, чиглэл өгсөн.
Улаанбаатарт тулгамдаад байгаа асуудал зөвхөн манай хотын асуудал биш. Дэлхий дахинаа хотын төвлөрөл нэмэгдэж байгаа. Үүнээс үүдэлтэйгээр Засгийн газраас нь үзүүлэх дэмжлэг жил ирэх бүр багасаж, хотууд өөрсдөө орлогоо бүрдүүлж байна. Ингэхдээ хотын төсвийн орлогыг татвар, төлбөр, хураамжаар бүрдүүлж байгаа. Улаанбаатар хотод хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай байна. Тэгэхээр өвчнөө зөв оношлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, хотын тулгамдаж байгаа асуудлыг үе шаттай шийдэх шаардлагатай.
-Санамж бичгийн хүрээнд хийж байгаа ажлууд хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Богино, дунд болон урт хугацаанд үргэлжилнэ. Тойрог хурдны замын бүтээн байгуулалтын ажлыг л гэхэд дунд хугацаанд хийнэ. Бид гаднын хөрөнгө оруулалтыг татдаг ч хамгаалах ямар ч зохицуулалтыг хийдэггүй. Үүнээс болж гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулахаас зайлсхийдэг, итгэлгүй болдог. Бид хөрөнгө оруулалтад бүх талын дэмжлэг үзүүлнэ. Санамж бичгийн хэрэгжих хугацаа нь харилцан адилгүй байна хэмээн ярилаа.
Мөн Хотын дарга цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн харьяа байгууллагуудаас олгодог зөвшөөрлүүдийг ил тод, нээлттэй болгоно. Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлуулахаар бэлтгэж байгаа. Түүнчоэн нэмэлт эх үүсвэрээр хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр бэлтгэлээ хангасан гэдгийг тодотгож байлаа.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэхийн тулд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хууль, эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн анхаарсан. Харин өдгөө эдийн засгийн хувьд үүссэн “гацаа”-г шийдэхээр тус форумыг зохион байгуулж буй билээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.