Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг цаг үеэ олсон төсөл гэдгийг онцлоод ерөнхийдөө санал нийлж байгаагаа ээлж дараалан илэрхийлж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Сант марал" судалгааны байгууллагаас гаргасан судалгааны талаар дурдаж, асуулт асуув.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Авлигатай тэмцэх ажилд ахиц дэвшил гаргахад улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдал, улс төрийн сонгуулийн санхүүжилтээс их шалтгаалж байна. Улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл болж байна гэж иргэд үзэж байна. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг бий болгож, намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд 2019 оны Үндсэн хуульд хийсэн нэмэлт өөрчлөлт чиглэгдсэн. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр намууд дотоод ардчилалтай байх, ардчилсан зарчимд нийцсэн байх, улс төрийн намын санхүүжилт, орлого, зарлага, ил тод, нээлттэй байх, ардчиллыг бэхжүүлэхэд чиглүүлсэн өөрчлөлтийг хийсэн. Авлига, хээл хахууль, хөгжлийн хоцрогдол, ядуурал гэх мэт олон зүйлийн шалтгаан улс төрийн намын бодлого, улс төрийн намын санхүүжилт, сонгуулиас болж байна гэж ард иргэд үзэж байна. Эдгээр асуудалд ач холбогдол өгч Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал, философи чиглэгдэх ёстой.
"Сант марал" судалгааны газраас саяхан явуулсан судалгаагаар улс төрийн намууд ард түмний санаа бодол, хүсэл эрмэлзлийг илэрхийлж чадаж байна уу гэсэн асуултад 87 хувь нь "чадахгүй байна" гэж хариулсан байна. Мөн, 46 хувь нь Монголд улс төрийн нам хэрэггүй, хүчтэй ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй гэжээ. 93 хувь нь "нийгэм шударга бус байна" гэж хариулсан байна.
Улс төрийн намын нэр хүнд муу байгаа нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.