СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-19

Боловсруулах тусам ирээдүйтэй...

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. МҮХАҮТ: Бараа, бүтээгдэхүүний боловсруулалт нэмэгдэх тусам илүү хол экспортлогдож байна.
  2. "ХААН Банк" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц 149 хувь даваад байна.
  3. ОУВС: Ирэх таван жилд дэлхийн эдийн засгийн тэлэлтэд оруулах хувь нэмрээрээ БНХАУ тэргүүлэх төлөвтэй

Нэг өдрийн өөрчлөлт | Сүүлийн 6 сарын график

Уул уурхайн ноёрхол

2023 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улс гадаад зах зээлд 8.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 8 их наяд нь уул уурхай, олборлох салбарын борлуулалт байсныг ҮСХ мэдээллээ. Тэгвэл 2000-аад он хүртэл нийт экспортын 50 орчим хувийг эзэлж байсан уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ 2003 оноос тасралтгүй буурсаар оны эхний улиралд 2 хүрэхгүй хувийг бүрдүүлсэн байна. ГЕГ-ын тайланд дурдсанаар нэгдүгээр улиралд уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын гол бүтээгдэхүүн нь ургамлын гаралтай бүтээгдэхүүн (79.3 сая ам.доллар) байжээ.

Боловсруулах тусам сонголттой

Бараа, бүтээгдэхүүний боловсруулалт нэмэгдэх тусам илүү хол экспортлогдож байгааг МҮХАҮТ-ын судалгаанд онцолжээ. Уул уурхайн бус экспортын хувьд зөвхөн нэг улс руу экспортлогддог бараа, бүтээгдэхүүнүүд нь ихэвчлэн хагас боловсруулалт хийгдсэн эсвэл боловсруулаагүй түүхий эд байдаг байна. Үнийн хувьд 20-иос дээш улсад экспортлогддог бараа, бүтээгдэхүүний нэгжийн үнэ зөвхөн нэг улс руу экспортоор гардаг бараа, бүтээгдэхүүнийхээс 17 дахин өндөр байгаа юм. Сонирхуулахад, Монгол Улсаас хамгийн олон оронд экспортод гардаг бараа, бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийн төрөл бүрийн сүлжмэл нимгэн, зузаан цамц бөгөөд 31 улсад экспортлогдсон байна.

Байр суурь

"Экспортлогч аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ аль эх үүсвэрээс татаж байна вэ гэдгийг судлахад уул уурхайн бус экспортлогчид өөрийн хөрөнгөөр, мөн дотоодын банк санхүүгийн байгууллагууд болон хувь хүнээс зээл авч бүрдүүлдэг нь харагдсан. Энэ нь уул уурхайн бус экспортын зардал өндөр байна гэдгийг харуулж байна. Мөн бусад экспортлогчидтой харьцуулахад ажиллах хүчний хомсдолд илүүтэй өртсөн. Экспортлогч ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахад тулгардаг төрийн үйлчилгээ, зөвшөөрөлтэй холбоотой хүндрэлүүдийг бууруулах нь хамгийн чухал арга хэмжээ болно" хэмээн МҮХАҮТ-ийн судалгааны институтын дарга О.Түмэн-Амар "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.

Анхаарал татсан IPO

"ХААН Банк" ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын явц 150 хувь дөхсөнийг Монголын Хөрөнгийн Бирж мэдээллээ. 4-р сарын 19-ний 10.00 цагийн байдлаар захиалгын явц 149.8 хувьд хүрч, 25,240 гаруй хөрөнгө оруулагчаас 274.8 тэрбум төгрөгийн захиалга ирүүлсэн байна. Хэдийгээр захиалга дүүрсэн ч дөрөвдүгээр сарын 19 хүртэл захиалга авах бөгөөд дараагаар нь хүртээмжтэй байдлын үүднээс захиалгуудыг хувь тэнцүүлэн хуваарилахыг "Хаан Банк" мэдээлсэн юм.

"Долларгүйжүүлэлт"

Улс орнуудын валютын нөөцөд ам.долларын эзлэх хувь эрчимтэй буурч байгааг "Morgan Stanley" болон "SLJ Capital"-ийн шинжээчид мэдээллээ. Өнгөрсөн онд ОХУ Украинд цэргээ оруулсантай зэрэгцээд хөрөнгө оруулагчид ам.доллароос өөр валютад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдсэн юм. Ингэснээр валютын нөөцөд эзлэх ам.долларын хувь хэмжээ өнгөрсөн онд сүүлийн 20 жилийн дунджаас 10 дахин буурсан байна. Харин Монгол Улсад сүүлийн жил орчмын турш зогсолтгүй явагдсан долларжилт оны эхний улиралд мөн үргэлжилж, III сарын эцсийн байдлаар валютын хадгаламжийн үлдэгдэл 6 их наяд төгрөг болсноор өмнөх сараас 3.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 39.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тааруу эхлэл

Стриминг үйлчилгээний аварга "Netflix" хоёр дахь жилдээ дараалан базаахгүй үзүүлэлтээр оныг эхлүүлсэн байна. Нэгдүгээр улиралд тус платформд шинээр бүртгүүлэгчдийн тоо 1.75 сая байсан нь өмнөх төсөөлөл 2.41 саяас хол зөржээ. Түүнчлэн хоёрдугаар улиралд борлуулалт, ашгийн хэмжээ нь хөрөнгө оруулагчдын төсөөллөөс бага байх төлөвтэйг компанийн зүгээс мэдэгдсэний зэрэгцээ хэрэглэгчид нууц үгээ хуваалцахыг зогсоох төлөвлөгөөгөө АНУ-д хойшлуулахаар болсон байна. Тайлан гарсны дараа "Netflix"-ийн хувьцааны ханш 12 хүртэлх хувиар унаад эргэн сэргэжээ.

Барууныг гүйцнэ

Ирэх таван жилд дэлхийн эдийн засгийн тэлэлтэд оруулах хувь нэмрээрээ БНХАУ бусад улсыг тэргүүлэх төлөвтэй байгааг ОУВС онцолжээ. Тус байгууллагын гаргасан дэлхийн эдийн засгийн төсөөлөлд суурилан тооцоолсноор 2028 он хүртэлх дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд БНХАУ-ын эзлэх жин 22.6 хувьд хүрэхээр байна. Харин 12.9 хувийг нь БНЭУ, 11.3 хувийг нь АНУ эзлэх аж. Ерөнхийдөө BRIC буюу Бразил, ОХУ, БНЭУ, БНХАУ нийлээд 2028 он хүртэл дэлхийн эдийн засгийн өсөлтөд 40 хувийн жин дарах нь. 

Лити ёроолдоо

БНХАУ-д литийн үнийн огцом бууралт үргэлжилж, доод түвшиндээ дөхөж буй шинж тэмдэг ажиглагдаж эхлээд байна. Ердөө таван сарын хугацаанд цэнэг хураагуурын гол түүхий эдийн үнэ 65 орчим хувиар унасны дараа агуулахын бага нөөц, цэнэг хураагуурын технологийн эерэг төлөв, цахилгаан автомашины борлуулалт зэрэг нь литийн эрэлт дахин сэргэхэд ойрхон байж магадгүйг харуулж байна. БНХАУ-д цахилгаан автомашины эрэлт эрс нэмэгдсэнийг даган литийн үнэ сүүлийн хоёр жилийн турш өсөлтөө хадгалж, 11 дүгээр сард тонн нь 597 мянган юань хүрсэн нь дээд түвшин болсон ч түүнээс хойш эрчимтэй унаж, даваа гарагийн байдлаар тонн нь 187 мянган юань болжээ.

Технологи л ирээдүйтэй

Хэдийгээр "Meta", "Amazon", "Alphabet" зэрэг технологийн аваргууд ажиллах хүчээ эрчимтэйгээр цөөлж байгаа ч төгсөх ангийн сурагчид санхүү бус технологийн салбарын мэргэжил сонгох нь зүйтэйг хөрөнөг оруулагчид хэлж байна. Цахим платформ, хиймэл оюун ухааны нөлөөлөл өдөр ирэх тусам нэмэгдэж буй өнөөгийн дэлхийд технологийн мэдлэгтэй байх нь урьд урьдаас илүү чухал гэдэгт судалгаанд оролцсон 556 мэргэжлийн хөрөнгө оруулагчийн 52 хувь нь санал нэгджээ. Гэхдээ өнөөгийн цэцэрлэгийн насныханд Уолл Стритийн зүгээс арай өөр салбарыг зөвлөж байгаа нь эрүүл мэндийн салбар юм. Хүн хоорондын харилцаа тус салбарт харьцангуй их учраас ирээдүйд хиймэл оюун бүрэн орлох магадлал бага гэж олонх нь үзжээ.

Apple финтек рүү

"Apple" компани удаан хугацаанд хүлээлт үүсгээд байсан өндөр хүүтэй хадгаламжийн үйлчилгээгээ танилцууллаа. "Goldman Sachs"-тай хамтран гаргаж буй тус хадгаламжийн үйлчилгээг жилийн 4.15 хувийн хүүтэйгээр санал болгосон нь АНУ-ын дунджаас даруй 10 дахин өндөр байгаа аж. Түүнчлэн хадгаламжийн данс нь хураамжгүй, үлдэгдэл, балансын доод хязгааргүйгээс гадна "Apple Wallet" аппаар дамжуулан нэвтрэх боломжтойг мэдээлжээ. Тус компани өнгөрсөн жил нийт орлогынхоо 20 гаруй хувийг үйлчилгээнээс бүрдүүлсэн бөгөөд цаашид дээрхтэй төстэй илүү олон үйлчилгээг санал болгохоор төлөвлөж байгаа юм.

BloombergTV.mn танд санал болгож байна

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал ДНБ-ий өсөлтийг нь 3 хувьд тогтооно

“Vale”, “Anglo American”, “Freeport” компаниуд “Teck Resources”-ийг сонирхож эхэллээ

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо шинэ журамдаа дижитал хөрөнгийн асуудлыг тусгана

Онцлох чарт

"Henley & Partners"-ийн гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг иргэдтэй хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин тэргүүлсэн бол эхний 50-д БНХАУ-ын таван хот, Австралийн дөрвөн хот багтсан нь анхаарал татаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.