УИХ-ын Эдийн засгийн болон Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн дэмжжээ.
“Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Засгийн газраас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, экспортыг эрчимжүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон ажиллуулж байгаа юм. Онцгой дэглэм тогтоох үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүнд, үйл ажиллагаа ил тод бус, санхүүжүүлж буй төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг нууцад хамааруулсан, ажлын гүйцэтгэл хоцрогдолтой байсныг тэрбээр танилцуулгадаа дурдав.
Нүүрсийг биржээр хил нөхцөлөөр борлуулж, нүүрсний үнэ, борлуулалтыг нэмэгдүүлсэн байна. Нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгджээ.
Онцгой дэглэмийн хугацаанд 1,260.6 сая ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулсан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн түүхэн дээд амжилт болсон ба энэ нь 2022 оны борлуулалтын орлогын дүнгээс илүү байгаа аж.
Онцгой дэглэмийн хугацаанд сарын дундаж үйлдвэрлэл эдийн засгийн үзүүлэлт түүний өмнөх үетэй харьцуулахад эрс сайжирсан байна. Борлуулсан нүүрсний хэмжээ 4.1 дахин, тээвэр 3.9 дахин, экспорт 2 дахин, орлого 3.9 дахин, олборлолт 2.7 дахин тус тус өсчээ. Компанийн 500 сая ам.доллароос багагүй орлого олж гадаад валютын нөөц нэмэгдүүлэх үүргийг давуулан биелүүлж, 588 сая ам.долларын орлогыг олж, 416.6 сая ам.долларыг Монголбанканд тушаасан байна. Тус компанийн хувьд өнгөрсөн 2022 онд компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого ашигтай ажилласан байна. Цэвэр ашиг нь 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд энэ оны эхнээс гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 765.2 сая ам.долларын үнэлгээтэй 7.5 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 445.6 сая ам.долларыг дансанд төвлөрүүлж, бондын 120 орчим сая ам.долларын үндсэн болон хүүгийн эргэн төлөлтийг үйл ажиллагааны орлогоор төлөх боломжийг бүрдүүлэн, худалдан авагчдад төлөх өр төлбөрийг 169.2 сая ам.доллароор бууруулсан байна.
Нийт 7 удаагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулж 224000 тонн коксжих нүүрс 192000 тонн эрчим хүчний нүүрс нийт 416000 тонн нүүрсийг биржээр хил нөхцөлөөр амжилттай борлуулж, нүүрс олборлохоос экспортлох үе шатыг ил тод болгон төсөв төвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 1.6 дахин буюу 470.5 орчим тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн. Мөн тээврийн тендерийг амжилттай зохион байгуулж “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод болгож нүүрсийг хил хүртэл тээвэрлэх, борлуулах бэлтгэлийг хангуулжээ. Биржээр борлуулсан нүүрсийг 2023 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс “Ганц мод” боомтод хүргэж эхэлсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн үед шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр компанийн санхүүгийн нөхцөл байдал сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдсэн хэдий ч Тавантолгой нүүрсний ордын эдийн засгийн өгөөж үр ашгийг сайжруулах, нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх, нүүрсний олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, өртөг зардлыг бууруулах, нээлттэй ил тод байдлыг хангуулах нүүрсийг хил нөхцөлөөр, биржээр арилжих зэрэг үйл ажиллагааг жигдрүүлэх, тогтвортой хадгалах, цаашид улам сайжруулж үүссэн нөхцөл байдлыг бүрэн арилгах үүднээс “Эрдэнэс Тавантолгой” ХК тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай хэмээн Д.Амарбаясгалан сайд танилцууллаа. Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах саналыг УИХ-д өргөн мэдүүлжээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 57.9 хувийн саналаар дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.