Орон нутгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч, албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсоныг АТГ-ынхан шалгаж дуусжээ.
Тухайлбал, Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Н.Цэвэгдоржид холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, хяналт шалгалт явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэлгүй хахууль авсан хэмээн буруутгасан юм. Тус аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Орхон голын савд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг шалгасан ч хариуцлага тооцоогүй аж. Үүнийхээ хариуд 37 000 ам.долларын хахууль бэлнээр авсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд НПГ-аас Н.Цэвэгдоржид Эрүүгийн хуулийн 22.4-4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.
Мөн Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ц.Ганчимэгийг их хэмжээний хахууль удаа дараа авсан хэрэгт холбогдуулан шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Дархан-Уулын Шарын гол, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Буянтын хөндийн адаг гэх газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй компанийнхнаас тэрбээр 2020-2021 оны хооронд сар бүр хахууль авч байж. Түүнд ашигт малтмалын орд газрыг ашиглагч аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өөрсдөдөө давуу байдал бий болгохын тулд мөнгө өгч байсан нь тогтоогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.