СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-18

Ноолуурыг гүйцэх "битүү морь"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Гурван өгүүлбэрээр:

  1. Tөсвийн тэнцэл сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа ашигтай гарлаа.
  2. Ойрын 5-10 жилд ноолуурын экспортыг давж магадгүй "битүү морь"-ийг юу "чөдөрлөж" байна вэ? 
  3. ChatGPT хөрөнгийн захын хөдөлгөөнийг урьдчилан таамаглах шалгалтыг өлхөн давжээ.

Нэг өдрийн өөрчлөлт | Сүүлийн 6 сарын график

Анхаарал татаж буй хууль

"Аливаа хуулийг гаргахын өмнө үзэл баримтлалыг нь тодорхойлсон байх хэрэгтэй. Уул уурхайн салбар нь гадаадын хөрөнгө оруулалт татах хамгийн том салбар учраас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг эхлээд хэлэлцсэн бол зүгээр байсан. Түүнчлэн энэ хуульд нэлээд олон татвар нэмэгдэхээр орж ирсэн байгаа. Энэ нь ЗГ-ын уул уурхайн хөрөнгө оруулалт, төслүүдийг дэмжих бодлоготой төдийлөн уялдахгүй байна гэж харж байна. Хуульд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэмжээний урамшуулал буюу инцентив байна уу гэдэг нь асуудалтай. Мөн төрийн оролцоо илүү давамгайлсан талдаа байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна" хэмээн "АмЧам-Монгол" ТББ-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс "Bloomberg TV Mongolia"-д ярилцлага өгөхдөө онцлов.

Төсөв ба Үндсэн хууль

Эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 4.8 их наяд төгрөг, зарлага 4.1 их наяд төгрөг гарснаар төсвийн тэнцэл сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа ашигтай буюу 656.6 тэрбум төгрөг болсон байна. 2023 оны төсвийн бодлогын үр дүнд эдийн засаг тогтворжиж, инфляц нэг оронтой тоонд хүрэх боломжтойг Сангийн яам онцолж байв. Гэсэн хэдий ч 2024 он буюу сонгуулийн жилд зарлагаа нэмж, алдагдал өсдөг жишиг давтагдаж магадгүй гэх болгоомжлол шинжээчдийн дунд байсаар байгаа юм.   

Эрсдэл нь юу вэ?

Төсвийн шинэчлэлийн талаар УИХ-ын түвшинд яригдаж эхэлсэн ч Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахгүй бол үүнтэй холбоотой эрсдэл байсаар байхыг судлаачид онцолж байлаа. "Улсын төсөв, даатгал, улсын зээлээс бүрддэг нийтийн санхүүгийн хамгаалалт Үндсэн хуульд байхгүй. Өндөр албан тушаалтнуудаас, нөгөө талаас Төрөөс өөрөөс нь хамгаалдаг систем 1992 оны Үндсэн хуульд ороогүйг ашиглаж эрх мэдэлтнүүд маш ихээр мөнгө хэвлэх үйл явц гарч ирсэн" хэмээн Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважав өгүүлж байв.

ҮХНӨ, Намын тухай хууль

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хувьд хэлэлцүүлгийн шатанд нухацтай хандах шаардлагатай гэж үзэж байна.

Хуулийн төсөлд:

  • Хоёр сонгууль дараалан УИХ-ын сонгуульд оролцохгүй бол хариуцлага тооцох,
  • Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах,
  • Улс төрийн намын санхүүжилтийг нээлттэй ил тод болгох,
  • СЕХ-нд улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг шилжүүлэх гэсэн дөрвөн онцлог зарчим багтсан.

Үүнээс гадна Засгийн газраас өргөн барихаар төлөвлөж буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог шууд 50:50 хувьд холимог тогтолцоогоор явуулна гэж хатуу тусгахыг дэмжихгүй байгаагаа АН-ын бүлэг илэрхийлжээ.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн онцлох заалтаас дурдвал:

  • "УИХ-ын гишүүдийн далан зургааг мажоритар, далан зургааг пропорционал аргаар сонгоно"
  • "Үндсэн хуулийн цэц Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай маргааныг эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзэж байгаа иргэний өргөдлөөр хуульд заасан үндэслэл, журмын дагуу магадлан шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргана"
  • "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэгээс илүү удаа дахин томилохыг хориглоно"

Ноолуурыг гүйцэх "битүү морь"

“Уул уурхайн бус салбарын экспорт нийт экспортод эзлэх хувь бага байгаа ч нөөц боломж, эдийн засагт үзүүлэх хувь нэмэр их” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзах үеэр мэдээлж байв. Үүнээс эмийн ургамлын (хунчир) экспортыг онцлон авч үзье. Учир нь эмт ургамлын экспорт ойрын 5-10 жилд ноолуурын экспортыг давах төлөв харагдаж байгааг "Астра Рүүт" ХХК-ийн захирал Л.Энхбат хэлж буй юм. Гэхдээ энэ чиглэлийн экспортыг "чөдөрлөж" буй хэд хэдэн асуудал байна.

Хятадын өсөлт эрчээ авна

БНХАУ Сovid-19-ийг Үл тэвчих бодлогоо цуцалсантай зэрэгцээд эдийн засаг нь энэ оны нэгдүгээр улиралд 4 хувиар тэлсэн гэж Bloomberg-ийн судалгаанд хамрагдсан шинжээчид үзэж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 2.9 хувиар тэлж байсантай харьцуулахад огцом өссөн үзүүлэлт боловч эдийн засгийн өсөлтийг энэ онд 5 хувьд хүргэх БНХАУ-ын зорилтын хажууд даржин дүн юм. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээр барилга, бүтээн байгуулалтын ажлууд эрчимжсэний зэрэгцээ жижиглэн худалдааны борлуулалт гуравдугаар сард 7.5 хувиар өссөн гэж шинжээчид таамагласан нь тус улсын эдийн засаг идэвхэжсэнийг харуулж байна.

ChatGPT юм дуулгах нь ээ...

Санхүүгийн ертөнцөд "ChatGPT"-ийг нэвтрүүлэх академик судалгааны давлагаа айсуй. Анхны үр дүнгүүдээс нь харвал тус технологийг тойрсон сүүлийн хэдэн сарын дуулианыг зөвтгөж болохоор байна. Хиймэл оюунт чатботоор өнөөгийн зах зээлтэй уялдаа бүхий даалгавруудыг хийлгэж, үр дүнг нь танилцуулсан хоёр шинэ судалгаа хэвлэгджээ. Нэг нь Холбооны нөөцийн банкны мэдэгдлээс мөнгөний бодлого нь хатуу эсвэл зөөлөн талдаа байх эсэхийг тайлж унших, хоёр дахь нь шинэ мэдээнүүд хувьцааны ханшид эергээр эсвэл сөргөөр нөлөөлөх эсэхийг урьдчилан тааварлах даалгаврууд байсан аж. "ChatGPT" хоёр шалгалтад хоёуланд нь "толгой цохиж" тэнцсэнээр арилжааны дохиог олж харахад хиймэл оюунт технологи томоохон ахиц гаргаж магадгүйг харуулсан байна.

Юань чангарна

БНХАУ-ын эдийн засаг сэргэж, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөхөө зогсоох төлөвтэй байгаатай зэрэгцэн энэ оны эцэс гэхэд юанийн ханш 5.5 хувиар өсөхөөр байгааг "Pictet"-ийн шинжээчид мэдээллээ. БНХАУ-ын гадаад худалдааны тэнцлийн ашиг тогтвортой өсөж байгаагийн нөлөөгөөр энэ оны эцсээр нэг ам.доллар 6.5 юаньтай тэнцэнэ гэж тооцоолсон байна.

Дуншсан реактор

Европын хамгийн том цөмийн реактор төлөвлөгөөт хугацаанаасаа 14 жилийн дараа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж эхэллээ. Финландын баруун эрэгт, Балтын тэнгисийн арал дээр байрладаг, 1600 мегаваттын хүчин чадалтай “Olkiluoto-3” станц нь ашиглалтад орсноор Европ эрчим хүчний импортын хараат байдлаас гарах боломж нэмэгдэж байна. Финланд улсын хувьд 40 гаруй жилийн дараа ийнхүү шинэ атомын станцтай болж байгаа бөгөөд “Olkiluoto-3” нь тус улсын эрчим хүчний хэрэглээний 30 орчим хувийг нийлүүлэхээр байгаа аж. Украины дайн эхэлсний дараа Финланд ОХУ-аас эрчим хүч импортлохоо зогсоогоод нэг жилийн нүүрийг үзэж байгаа юм.

Цахилгаан Maybach

"Mercedes-Benz" компани тансаг зэрэглэлийн "Maybach" брэндийнхээ анхны цахилгаан хөдөлгүүрт загвар "EQS"-ийг цахилгаан автомашинд элэгтэй, түрийвч зузаантай Хятадуудын сэтгэлд нийцнэ хэмээн тооцоолж Шанхайд анхлан танилцууллаа. SUV ангиллын "EQS" нь нэг цэнэглэлтээр 600 км зай туулах боломжтой, 200 мянга гаруй ам.долларын үнэтэй аж. Арын суудал нь массажны машин, эвхэгддэг ширээ, сэрүүцүүлэгч, оргилуун дарсны хундага зэргээр тоноглогдсоноос үзвэл автомашинаа өөрөө жолооддоггүй эрхмүүдэд тусгайлан зориулагдсан нь илт.

BloombergTV.mn танд санал болгож байна

Перу улсын зэсийн үйлдвэрлэл нэмэгдсэн ч экспорт нь 20 хувиар буурав

“Их-7”-ийн бүлэг нүүрсний хэрэглээг хэзээ халах талд нэгдсэн байр суурьд хүрсэнгүй

“Кристин Лагард: АНУ дефолт зарлана гэж үзэхгүй байна

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.