Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүрээнд газар тариалан, мал аж ахуйн салбарт олгох эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийн талаар" сургалт-хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк, Монголын банкны холбоо, мал аж ахуй, газар тариалангийн салбарын аж ахуй нэгж байгууллага, иргэд оролцов.
Сургалт-хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нээж үг хэлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун нар сургалт хэлэлцүүлэгтэй холбоотой товч мэдээллийг хүргэв.
Тахианы аж ахуй эрхлэгчдэд 22 тэрбум төгрөгийн зээл олгоно
Тахианы мах, өндөгний импортыг бууруулахаар үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, технологитой тахианы махны аж ахуй, өндөгний чиглэлийн иргэн, аж ахуй нэгжид 2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг тус тус зээлийг олгоно.
Нийт зөгийн аж ахуй эрхлэгчдэд 3 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг олгоно
Манай улсад 2017 оноос зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэн ч жилд 350 тонн зөгийн бал үйлдвэрлэдэг. Тухайлбал 2022 онд 2 тонн зөгийн бал экспортлосон. Дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх, экспортын нэмэгдүүлэх үүднээс нэг зээлдэгчид 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.
Үр тариа, тос, тэжээл, төмсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжихэд 90 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжихэд 30 тэрбум төгрөгийн зээл олгоно.
Ингэхдээ үр тариа, тос тэжээл, төмсний үйлдвэрлэл эрхчлэгч иргэн, аж ахуйн нэгжид өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай, үүнийгээ цахим системд бүртгүүлж баталгаажуулах шаардлагатай. Нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ нэг га тутамд 900 мянгаас 15 сая төгрөг хүртэл байх юм.Мөн, дөрвөн улирлын хүлэмж шинээр байгуулахад 50, услалтын систем байгуулахад 27.1, зоорийн аж ахуй байгуулахад 90 тэрбум төгрөгийн зээл олгоно. Анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм байгуулахад 14.5 тэрбум төгрөгийн зээл олгохдоо тухайн зээлдэгч өөрийн эзэмшлийн 100 га-гаас дээш газартай, зураг төсөл, төсөвтэй байх шаардлагатай. Цахим системд одоогоор 8530 тариаланч, 917.6 мянган га тариалангийн газар бүртгээд байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.