"Жи тайм" сүлжээний хохирогчдын хохирлын мөнгийг олгож эхэлжээ. Шүүхээс Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулахаар шийдвэрлэсэн юм.
11,000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцсэн байдаг. "Жи тайм" сүлжээний Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүхээс Э.Оюунчимэгээс 11 тэрбум 830 сая 503 мянга 841 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах, 906 иргэний хариуцагчаас 6 тэрбум 881 сая 661 мянга 229 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэсэн. Мөн Төрийн сан дахь Мөрдөн байцаах албаны тусгай дансанд байршуулсан 7 тэрбум 89 сая 588 мянга 699 төгрөгийг хохирогч нарт хувь тэнцүүлэн олгуулахаар шийдвэрлэсэн. Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шүүхийн захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсэн 6 автомашиныг худалдан борлуулж, борлуулсан орлогыг хохирогч нарт олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг.
Энэ шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирогчдын мөнгийг олгож эхэлсэн ба дээрх хохирлын мөнгөө хүлээн аваагүй иргэд тус газарт иргэний үнэмлэхний хуулбар банкны дансны тодорхойлолтоо авчирж, хохирлын мөнгөө авах боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.