УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас санал авч буй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хуулийн төсөл болон Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцжээ.
Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин:
-1999, 2000, 2019 оны нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудлууд, 2022 оны Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой нэмэлт өөрчлөлт болсон асуудлуудад дүн шинжилгээ хийсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй. Дутуу хийснээс болоод богино хугацаанд дахин гар хүрэх, ямар нэг арга залиар асуудлыг шийдэх гэж оролдох улс төрийн үйл явц Үндсэн хуулийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй.
2019 оны нэмэлт өөрчлөлтөөр АН-ын баримталж байсан зүйл нь сонгуулийн тогтолцоо байсан. Сонгуулийг холимог системээр явуулах нь зөв гэдэг саналыг тавьж байсан. Харамсалтай нь энэ санал дэмжигдээгүй. Эрх баригч намаас дахин энэ саналыг гаргаж ирж байна. Бид үүнтэй санал нийлнэ. Гэхдээ Үндсэн хуульд хувь заахгүйгээр холимог тогтолцоо гэж тусгах нь зүйтэй. Өнөөдрийн сэтгэл хөөрлөөр шийдэж буй зүйл улс орны дараагийн хөгжилд садаа болж болохгүй.
Иргэд үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлснийхээ төлөө ял эдэлдэг байдал байсаар байна. Иргэд эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргадаг байсан бол уг асуудал аль эрт шийдэгдэх байсан. Харамсалтай нь энэ ажил хийгдэхгүй байгаа учраас Үндсэн хуульд заасан иргэний эрх, эрх чөлөө цаасан дээр үлдсэн. Дахиад 30 жил үргэлжлүүлж, 60 жилийн асуудлыг хуримтлуулж болохгүй. Шийдвэр гаргагчдын зүгээс иргэний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэцэд хянах чиг үүрэг өгвөл ачааллаа дийлэхээ байна гэдэг зүйл яригддаг. Ачаалал даах хэмжээний, ур чадвартай Цэцийн гишүүдтэй болох гэдэг нь дараагийн асуудал.
Дутуу алсан могой шиг зүйл хийж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж байгаа бол Цэцтэй холбоотой асуудлыг бүрэн дүүрэн шийдэх ёстой. Жижиг түр зуурын засвар хийх нь Үндсэн хуулийг улам сул доройтуулна.
Дараагийн нэг асуудал нь Бид цаазаар авах ялыг халсан ч Үндсэн хууль дээрээ энэ талаарх бичвэртэй байх нь хэр зохимжтой вэ гэдгийг эргэж харах хэрэгтэй. Шүүхтэй өдөр бүр өрсөлдөж байгаа прокурорын тогтолцоог уг хуулиас хасвал яасан юм бэ? Шүүх эрх мэдэлд ордоггүй, бусад улсын жишгээр гүйцэтгэх эрх мэдлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нэг хэсэг байдаг байгууллагыг Үндсэн хуульд бичсэнээр хонгил, шударга бусын хэлмэгдүүлэлт газар авч байна гэдэг үзэл бий.
1992 оны Үндсэн хуульд дутуу бичигдсэн Үндсэн хуулийн дархлаа гэдэг зүйлийг яах вэ? Үндсэн хуульт ардчилсан улс орны замаар явъя гэж бодож байгаа бол Үндсэн хуульдаа Үндсэн хуулийнхаа дархлааны талаар бичих хэрэгтэй.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-УИХ дахь гишүүдийн тоогоор, иргэдээс авсан саналын тоогоор улс төрийн намууд төсвөөс санхүүжилт авдаг. Энэ асуудлыг ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөлд илүү боловсронгуй болгож орж ирсэн гэж харж байна. Хэлэлцүүлгийн шатад энэ асуудлыг илүү нарийвчлан авч үзэх байх гэж бодож байна. Сонгуулийн тухай хууль нь улс орон, нам, хувь улс төрчийн байр суурь гээд олон зүйлийн огтлолцол юм. Хайрцаглах ямар ч боломжгүй. Гишүүд ялгаатай байр суурь илэрхийлэх нь "эрүүл" байгаагийн шинж гэж харж байна. 76/76 гэдэг тоо нь өнөөгийн нөхцөлд асар том тоо гэж үзэж байна. Энэ тоог дахин ярилцах ёстой гэдэг байр суурийг АН-ын бүлгийн гишүүд илэрхийлж байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
152 болговол бослого гарна