Гурван өгүүлбэрээр:
Нүсэр, тэнцвэргүй...
2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын Засгийн газрын өрийн нийт үлдэгдэл 31.9 их наяд төгрөгөөр илэрхийлэгдсэн нь өмнөх оноос 18.6 хувиар өссөн дүн болж байгааг Сангийн яам мэдээллээ. Нийт өрийн 29.6 их наяд төгрөг нь гадаад өр, 1 их наяд нь дотоод өр, үлдсэн хэсэг нь ЗГ-ын баталгаа, барих-шилжүүлэх концесс, орон нутгийн зээллэг зэрэг бусад өр байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд гадаад зээлийн үлдэгдэлд эзлэх олон талт буюу олон улсын байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 10.7 их наяд болж нэмэгдэхэд АХБ, Дэлхийн банкнаас авсан зээлийн хэмжээ нөлөөлжээ.
Мөн УИХ төсвийг алдагдалтай баталсаар байгаа нь өр нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм. Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа нь зээлжих зэрэглэл болон гадаадын хөрөнгө оруулалт татахад сөргөөр нөлөөлж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлжээ.
Долларжилт саарсангүй
2023 оны I улирлын байдлаар мөнгөний нийлүүлэлт 30.9 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өссөнийг ҮСХ мэдээллээ. 2022 оны III улиралд ёроол цэгтээ хүрч байсан мөнгөний нийлүүлэлт тасралтгүй өссөөр өнөөгийн түвшинд хүрсэн бөгөөд жилийн өсөлтийг гадаад цэвэр актив буюу валютын харилцах, хадгаламжийн өсөлт бүрдүүлсэн байна. Төгрөгийн хадгаламж 13.1 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх сараас 1 хувиар өссөн үзүүлэлт бол валютын хадгаламжийн үлдэгдэл өсөлтөө мөн хадгалж III сарын эцсийн байдлаар 6 их наяд төгрөг болсноор өмнөх сараас 3.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 39.1 хувиар өсжээ.
ҮХНӨ ойртов
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд Улсын Их Хурлын 2022 оны 34, 54 дүгээр тогтоол, "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын зөвлөмжийг тусгаж, боловсруулсан хуулийн төсөлд иргэдийн саналыг авч эхлээд байгааг Засгийн газар мэдээллээ. Санал асуулгын үр дүнгээс гарсан зөвлөмжид иргэдийг төлөөлөх парламентын чадавхыг нэмэгдүүлэх, УИХ-ын сонгуулийг явуулахдаа мажоритар болон пропорциональ аргыг хослуулах нь зүйтэйг дэмжсэн дүн гарсан юм. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тоо, сонгуулийн холимог тогтолцооноос гадна хөдөөгийн сэргэлт, хэт төвлөрлийг сааруулж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн өөрчлөлтийг мөн тусгажээ.
Намуудыг нам шиг болгоно
Одоогоос 18 жилийн өмнө шинэчлэгдэж байсан Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Ерөнхийлөгчийн санаачилсан уг шинэчилсэн найруулгад улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлж, идэвхгүй намын үйл ажиллагааг түдгэлзүүлэхээр тусгасан байна. Энэ хүрээнд улс төрийн намуудыг бодлогын институт болгон төлөвшүүлэх, мөн авлига, хээл хахуулийг таслан зогсоох үүднээс улс төрийн намын санхүүжилтийг ил болгох асуудлуудыг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг ажлын хэсэг онцолж байв.
SGR Торонтог орхив
"Southgobi Resources" компанийн бүртгэл Торонтогийн хөрөнгийн биржээс хасагдаж, өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн Канадын "TSX Venture" бирж дээр хувьцаа нь арилжаалагдаж эхэлж байна. Компанийн тикер SGQ хэвээр байх аж. Тус компани хятадын нүүрсний зах зээлд итгэл дүүрэн байгаа бөгөөд дунд хугацаандаа орлогоо нэмэгдүүлэх хүрээнд нүүрсээ чанаржуулах, худалдан авагчдын суурь бааз болон хамтрагч компаниудаа нэмэгдүүлэх, логистикоо сайжруулах, үйл ажиллагааны зардлын бүтцээ оновчлох зэрэг арга хэмжээ авахаа тайландаа дурджээ.
IPO-ийн дараах тайлан
"Газар шим үйлдвэр" ХК олон нийтэд нээлттэй болсноос хойш анхны санхүүгийн тайлангаа танилцууллаа. 2023 оны I улиралд 2.57 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, 9.5 тэрбум төгрөгийн борлуулалттай ажилласан бөгөөд өртөг тооцсон нийт ашиг нь 4 тэрбум төгрөг болсныг мэдээлжээ. Түүнчлэн компанийн борлуулалт, ашгийг 100 хувь үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ бүрдүүлж буйг мөнгөний гүйлгээний тайлангаас харж болохоор байна. Компанийн хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлснээс хойш анхны түвшинд тогтвортой хадгалагдаж байна.
Мега хэлцэл
Эм үйлдвэрлэлийн аварга компани "Merck" судалгааны ажлын орлогоо нэмэгдүүлэх, тэр дундаа дархлааны эмгэгийн эсрэг эмийн үйлдвэрлэлдээ ахиц гаргах зорилгоор "Prometheus Biosciences"-ийг 10.8 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ. Хорт хавдрыг анагаахад томоохон ахиц гаргасан "Merck"-ийн "Keytruda" эмний патентын хамгаалалтын хугацаа дуусах дөхөж буй энэ үед эм үйлдвэрлэлийн салбарын хамгийн томд тооцогдох энэхүү хэлцэл хийгдсэн нь анхаарал татаж байна. Патентын хугацаа дуусахад орлого буурахаас сэргийлэх зорилго бүхий худалдан авах, нэгдэн нийлэх хэлцлүүд тус салбарт олшроод байгаа бөгөөд "Merck" ч мөн томоохон хэлцлийн эрэлд гараад байсан юм.
Банкнуудын хямралын нөлөө
Банк санхүүгийн салбарт үүсээд буй хямралтай уялдуулан ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэгдүгээр сарын төсөөллөөс 0.1 нэгж хувиар бууруулж, 2.8 хувь дээр тогтоожээ. Цаашид банкнууд зээл олгохдоо илүү болгоомжилно гэж ОУВС-ийн Ахлах эдийн засагч үзэж байна. Холбооны нөөцийн банк бодлогын хүүг өсгөснөөр 2022 онд АНУ-ын томоохон банкнууд зээлээс илүү их орлого олсноо тайлагнаад байгаа. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен саяхан хэд хэдэн банк уналтад орсонтой холбогдуулан АНУ-ын банкнууд зээл олголтоо бууруулж магадгүй гэж мэдэгдсэн юм.
Японы шинэ хөзөр
Мөрийтэй тоглоомын донтолт, мөнгө угаалттай холбоотой болгоомжлолын улмаас олон жил хойш тавьсны эцэст Япон улс анхны казиногоо 2030 он гэхэд нээх төлөвлөгөө баталлаа. Осакад байрлалтай энэхүү төсөлд Японы "Orix Corp" болон "MGM Resorts International" хамтрах бөгөөд анхны хөрөнгө оруулалт нь 1.08 их наяд иен буюу 8.2 тэрбум ам.доллар байхыг мэдээлсэн байна. Гэхдээ 20 тэрбумаар үнэлэгдэх боломжтой гэгдэж буй энэхүү шинэ зах зээлээс "Caesars Entertainment", "Las Vegas Sands" казиногийн аваргууд гараад байгаа юм. Цар тахлын үеийн уналтаас сэргэж байгаа аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах "гол хөзөр" казино байх болно гэж эрх баригчид үзэж, төслийг яаравчлуулсан нь энэ аж.
K-pop оргилд нь
Өнгөрсөн амралтын өдрүүдээр "Blackpink" хамтлаг "Coachella" хөгжмийн наадмын оргил тоглолтыг хийсэн Өмнөд Солонгосын анхны хамтлаг боллоо. Дөрвөн жилийн өмнө анх "Coachella"-ийн тайзнаа гарч байсан тус хамтлаг ийнхүү Өмнөд Калифорнийн цөлд дуулиантайгаар эргэн ирсэн нь K-pop ертөнцөд томоохон амжилтад тооцогдохын сацуу өнөө цагийн хамгийн алдартай охидын хамтлаг гэсэн нэр хүндийг нь улам бататгаж байна.
BloombergTV.mn танд санал болгож байна
Ирэх 10 жилд дэлхий дахинд Covid-19-тэй төстэй цар тахал дэгдэх эрсдэл 28 хувьтай байна
Ажлын дөрвөн өдөртэй 7 хоног амьдралд үнэхээр бууж чадах уу?
“Didi Global” автомат жолоодлоготой автомашинаа танилцуулав
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.