Нийгмийн хариуцлагын шилдэг загвар болсон Эрдэнэт үйлдвэр жил бүр нийт ажилтан ажиллагсад, ахмадуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгт хамруулдаг. Энэ жилийн ээлжит үзлэг өнөөдөр эхэлж байна.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга, “Эрдэнэт Медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх нээж, эрүүл мэнд эрхэм баян хэмээгээд жилээс жилд өсөн нэмэгдэж буй урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол, үр өгөөжийг онцоллоо.
Өнгөрсөн 2022 онд урьдчилан сэргийлэх үзлэгт 7500 гаруй ажилтан, ахмад, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд хамрагджээ. Харин энэ жил үйлдвэрийн харьяа байгууллагуудын ажилтнууд нэмэгдэн, нийт 9020 хүнд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн, энэ удаагийн үзлэгийг цаг хугацааны хувьд харьцангуй эрт эхлүүлж байгаа нь оны эцэст ачаалал нэмэгдэх, яарч тулгамдсанаас дутуу чанаргүй хийгдэх зэрэг эрсдэлээс хамгаална гэдгийг зохион байгуулагчид хэлэв.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт Медикал” эмнэлэг хамтран зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн онд урьдчилан сэргийлэх үзлэгийн мөрөөр 3518 хүнд эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн хамтын ажиллагаа, санамж бичгийн хүрээнд Улсын төв гуравдугаар эмнэлэгтэй хамтран зүрх судас, уушги, мэдрэл судлалын эмч нарын бүрэлдэхүүн “Эрдэнэт Медикал” эмнэлэгт ажиллаж, үйлдвэрийн 163 ажилтанд нарийн үзлэг оношилгоо хийж, зөвлөгөө өгсөн байна. 2022 онд урьдчилан сэргийлэх үзлэгт 5 тэрбум 380 сая төгрөг зарцуулсан бол 2023 онд хамрагдах ажилтнуудын тоо нэмэгдсэнээр үүнд нийт 7 тэрбум 166 сая төгрөг зориулахаар төлөвлөжээ. Энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэгийг өмнөх жилүүдээс илүү өгөөжтэй, оновчтой болгох үүднээс зарим багц үзлэгийг нэгтгэн шинжилгээний үзүүлэлтүүдийг нэмэгдүүлсэн байна. Өдөрт 55 ажилтанд үзлэг оношилгоо хийхээр тооцож, зохион байгуулж байна. Албан ёсоор эхэлж буй эрүүл мэндийн үзлэгийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрээс төрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан, Т.Нямжав болон Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Байгал, С.Давааням, ахмад ажилтан Б.Мажинбуу нар уригдан оролцож, ажилтан бүр эрүүл мэндээ эрхэмлэн, урьдчилан сэргийлэх үзлэгт идэвхтэй хамрагдахыг уриалав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.