Олон нийтийн сүлжээнд шууд бичлэг (live) хийж танигдсан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн шүүхийн шийтгэх тогтоолтой холбоотойгоор “хуулийн байгууллагууд тэгш бус, ялгавартай хандсан” гэх мэдээлэл зарим хэвлэл, цахим сүлжээнд нийтлэгдэж байна. Түүнийг ямар хэрэгт буруутгасан талаар НПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн дарга Б.Мөнх-Одоос тодрууллаа.
-Консул асан Д.Мөнх-Эрдэнийг ямар гэмт хэрэгт буруутгасан талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Д.Мөнх-Эрдэнэ нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэрэгт АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-аас хяналт тавьсан. Шалгалтын хүрээнд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн түүнд холбогдох хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.1-2, 22.4-4, 22.5-1, 23.1-1, 13.14-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн.
Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнэ нь:
-Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух ерөнхий консулаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт 112 сая 243 мянга 865 төгрөгийн хохирол учруулсан,
-Иргэн С.Оюунбилэгийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан,
-Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн,
-УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Эрдэнэбаярт бусадтай бүлэглэн хахууль өгсөн гэж буруутгагдсан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Д.Мөнх-Эрдэнийг дээр дурдсан гурван хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хэрэг тус бүрт нь ял оноож, нэмж нэгтгэн нийт гурван жил 10 сар хорих, гурван сая 700 мянган төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасах ял ногдуулж, гэмт хэргийн улмаас олсон орлого болох 10 сая төгрөгийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 82 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
-Түүнд оноосон эрүүгийн хариуцлагыг авлига, албан тушаалын хэрэгт шийтгүүлсэн бусад хүнтэй харьцуулж, шүүмжилсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарч байна л даа.
-Тийм мэдээлэл гарсныг харсан. Эдгээр хэрэг нь хоорондоо адилгүй, өөр өөр үндэслэл, журмаар шалгаж шийдвэрлэсэн учраас шүүхээс оноосон ял ч харилцан адилгүй. Энэ нь эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой. Жишээ нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг ердийн болон хялбаршуулсан гэсэн хоёр журмаар явуулах зохицуулалт бий. Ямар журмаар хэргийг шалгаснаас хамаарч оногдуулах ялын хэмжээ өөр өөр байж болно.
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон зарим хүн учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас бий болсон хууль бус хөрөнгөө улсын орлого болгуулахаар илэрхийлсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрснийг харгалзан шүүхээс торгох ял оноосон тохиолдлууд бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан, бусадтай бүлэглэж 210 сая төгрөг, 315 мянган ам.долларын хахууль авсан, гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах гэмт хэрэгт нь нийт 40 сая төгрөгөөр торгох, мөнгө угаах гэмт хэрэгт нь зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах, нийтийн албанд томилогдох эрхийг найман жил хасах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 210 сая төгрөг, 315 000 ам.долларыг түүнээс гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэсэн.
Д.Хаянхярваа нь прокуророос сонсгосон ялыг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул хэргийг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалтад хамрагдах талаар сайн дураараа хүсэлт гаргасан тул шүүхээс түүнд торгох ял оноосон.
Д.Мөнх-Эрдэнийн хувьд хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан ч мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй учраас хуульд заасны дагуу ердийн журмаар хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Ердийн журмаар хянан хэлэлцэж байгаа авлига, албан тушаалын хэргүүдэд Д.Мөнх-Эрдэнэд оноосон эрүүгийн хариуцлага шиг ял ногдуулдаг.
Ийм жишээ олныг дурдаж болно. Тухайлбал, АТҮТ-ийн Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан С.Д-д холбогдох хэрэг байна. Шүүхээс түүнийг албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцон, нийтийн албанд томилогдох эрхийг долоон жил хасаж, гурван жил хорих ял оноон, гэмт хэргийн улмаас бий болсон 92 сая төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнийг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүст шүүх, хууль хяналтын байгууллагууд тэгш бус, ялгамжтай хандах боломжгүй. Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй. Энэ зарчмын хүрээнд л эдгээр хэргийг шийдвэрлэсэн.
-Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч болон түүнийг дэмжигчид, ар гэрийнхэн нь “хууль хяналтын байгууллага бусдын захиалгаар ажиллаж, олон жилийн өмнө болсон асуудлыг сөхөж жижигхэн юмаар яллалаа” гээд байгаа. Аливаа хэрэгт холбогдсон хүмүүсээс ийм мэдээлэл гаргах хандлага нэлээд бий. Прокурорын байгууллага хэн нэгний захиалгаар хэрэг шалгадаг юм уу?
-Монгол Улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй, иргэн бүр хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх нь гарцаагүй. Үүнд том, жижиг гэж ялгах нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Жишээлбэл, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас 100 мянган төгрөг авсан байсан ч эрүүгийн гэмт хэрэгт тооцож, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Энэ болгонд хууль хяналтын байгууллага “Хөөрхий энэ 100-хан мянган төгрөг авсан байна” гээд өршөөж өнгөрөөх боломжгүй. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол хуулийн дагуу л шийдвэрлэнэ. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа шүүгч, прокурор гээд бүгд тангараг өргөсөн, хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй хүмүүс. Энэ үүргээ зөрчвөл өөрсдөө бас хариуцлагаа хүлээнэ.
Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийн хувьд 2019 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан. Өөрөөр хэлбэл, саяхан сөхөж гаргаад шалгаад байгаа асуудал биш. Прокуророос хэн нэгэн албан тушаалтны эрх ашгийг хамгаалж, бусдын үүрэг даалгавар, чиглэлийн дагуу ажиллаагүй, тэгэх ч боломжгүй.
Прокурорын тухай хуулийн долдугаар зүйлд “Прокурор шийдвэрээ хуульд нийцүүлэн хараат бусаар гаргана. Прокурор шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно” гэж заасан. Дээд шатны прокуророос эрүүгийн хэрэгт хяналт тавихдаа зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хүсэлт, гомдлын дагуу хэргийг хянадаг. Бусад тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа хэргийг хяналтын прокурортой нь зэрэгцээд хянаад явах боломжгүй гэдгийг хэлмээр байна.
Хэрвээ прокурорыг нөлөөнд автаж хууль бусаар шийдвэр гаргасан гэсэн үндэслэл бүхий баримт байгаа бол эрх бүхий байгууллагад гомдол гаргаж, шалгуулах боломжтой. Эцэст нь нэмж хэлэхэд зарим хүн өөрт нь таалагдахгүй шийдвэр гаргасан мөрдөгч, прокурор, шүүгчийг доромжлох, элдвээр хэлж, нэр төрд нь үндэслэлгүйгээр халдах асуудал их гарч байна. Тэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хуулиа хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй.
Хууль дээдэлдэг, шударга нийгмийн төлөө дуугарч байгаа бол та ч бас хуулиа биелүүлдэг, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэдэг иргэн байх хэрэгтэй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоо үед ч тэгээд хүн болгон буруугүй болж дээ. Авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнүүд бүгд л буруугүй, хэлмэгдлээ нтр гээд хуцацгаадаг болж.
Одоо үед ч тэгээд хүн болгон буруугүй болж дээ. Авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэгтнүүд бүгд л буруугүй, хэлмэгдлээ нтр гээд хуцацгаадаг болж.
Ard tvmen tegj dugaraad bgaa olni vg oryoi surah erhiig ni hysan boogduulj boloh uu huuli vnen hergijdeg bol ard tvmnii mungiig tvrgen tsugluulj eh ornoo hugjvvlie gj bodoh yum