Төв аймгийн хөрсний өнөөгийн төлөв байдлын талаар Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын цөлжилт, газрын доройтол, хөрс хамгаалал хариуцсан мэргэжилтэн Э.Занабазараас тодрууллаа.
-Аймгийн хөрсний өнөөгийн төлөв байдлыг товч дурдвал?
-Газар тариалангийн нийт талбайн хөрсний 70 хувь нь хүчтэй, 25 хувь нь дунд, 5 хувь нь сул элэгдэлд орж, үржил шимийн үзүүлэлт буурсан.
2020 онд газрын нэгдмэл сангийн ангиллаар нийт 535549.94 га газарт буюу 7.22 хувь хөрсний элэгдэл, газрын доройтолд орсон байна. Тариалангийн газрын хохирол, доройтлыг салхи, усны эвдрэлд орсон, үржил шимийн бууралттай, мэрэгчид хортон шавжид нэрвэгдсэн, онц аюултай хог ургамалд нэрвэгдсэн гэсэн тодорхой үзүүлэлтээр гаргахад аймгийн хэмжээнд 19737.54 га тариалангийн газар хохиролд өртжээ.
Үүнээс мэрэгчид хортон шавжид нэрвэгдсэн талбай 17497.4 га, үржил шим бууралттай 220.9 га, салхины эвдрэлд орсон талбай 143.69 га, усны эвдрэлд орсон 1525.75 га, онц аюултай хог ургамалд нэрвэгдсэн 349.8 га газар байна.
-Өөр ямар шалтгаан нөхцөл хөрс бохирдоход нөлөөлж байгаа вэ?
-Жил ирэх тутам аймгийн хэмжээнд хог хаягдлын хэмжээ 8 мянган тн-оор нэмэгдэж байгаа нь хөрс бохирдоход тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
-Хөрсийг хамгаалах арга байгаа юу?
-Хамгийн энгийн алхам бол хогоо ангилан ялгах явдал юм. Ингэснээр бид хөрсөнд нэвчих ёстой байсан хог хаягдлыг 3-4 дахин бууруулж чадна. Учир нь хог хаягдал хөрсийг маш ихээр бохирдуулж байдаг тул хаяж эх дэлхийдээ шингэг гээд орхилгүй дахин боловсруулж байх юм бол хамгийн зөв шийдэл болж чадна.
Хэрэв та хот суурин газрын оршин суугч бол дээвэр дээрээ, хашаандаа ногоон цэцэрлэг, таримал ногоон байгууламж байгуулах зэрэг шинэлэг аргуудыг ашиглаж бас болох юм. Харин газар тариалан эрхэлдэг бол уриншийг маш сайн боловсруулж байх ёстой. Ингэж байж дараа дараагийн удаад таны эзэмшил газрын хөрс шинэлэг сэргэг байна.
Арчлалт, хамгаалалт, амралтыг өгөлгүй тариаланчид буруу ажилласнаас болж хөрс гэмтэх тохиолдол их байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.