СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-04-16

Д.Одончимэг: “Хэрэв бүтэлгүйтвэл Про театр урлагийн тайзнаас шууд арчигдана гэх айдастай байсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хавар цаг хаяанд айлссан эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотноо нэгэн шинэ жүжиг тайзнаа “мэндэлсэн” нь Дэлхийн суут Виктор Хюгогийн “Инээмтгий хүн”. Про театрын уран бүтээлчдийн “амилуулсан” уг жүжгийн Ерөнхий найруулагчаар Бат-Өлзийн Даваасүрэн гэх залуу бүсгүй ажиллажээ. Урлагийн халуун бүлд багтах эсэх шүүлт, бас шалгуурын өмнө уран бүтээлээ дэлгэн зогссон түүнийг харахад халшрам хэдий ч хайр “урсана”. Ирэх тавдугаар сард биднийг зорин ирэх Б.Даваасүрэнг Эрдэнэтийн унаган охин болохын хувьд сэтгүүлч миний бие ихэд олзуурхав. Төрөлх хотдоо хүрэлцэн ирж, тайзны бүтээлээ толилуулахаар яаран догдлох тэр халуухан зүрхэнд хайр, урам, ерөөлийг харамгүй өгөхсөн. Эрдэнэтээр овоглосон шинэхэн найруулагчийг нижигнэсэн алга ташилт дор угтан авахсан...

-“Инээмтгий хүн” жүжгийн Ерөнхий найруулагчийг таны охин гэдгийг Эрдэнэтийнхэн төдийлөн мэдэхгүй байх. Энэ нууцыг хамтдаа задлъя?

-Би хоёр охинтой, бага нь Даваасүрэн. Эрдэнэтийн орос цэцэрлэг, орос сургуулиар хүмүүжиж өссөн. Ер нь Эрдэнэтийн хүүхдүүд Завхан, Москва, Улаан-Үдийн алинд ч очсон их онцгой, өөр харагддаг. Тэд усан санд сэлнэ, орос, англи хэлээр ярих чадвартай, тухайн сургуулийнхаа “Овоо гайгүй нь юмуу даа” гэж харсан хүүхэд “Эрдэнэтийнх” гэж хариулдагт би хувьдаа баярладаг, бас бахархдаг.

Миний охин тэдний л нэг. Эрдэнэт хотдоо амьдарч, энэ сайхан газарт сурч боловсорч, эрүүл агаараар нь амьсгалж өссөн хүүхэд. Урлагийн хүн болоход нь “Уурхайчин” соёлын ордны агаар, амьсгал ихээхэн нөлөөлсөн байх гэж боддог. “Бөртэ хатан” дуурийг хийж байх үед миний охин соёлын ордны тайзан дээр л явдаг байсан. Нэг л өглөө орноосоо босож ирэхдээ “Би жүжигчин болно” гээд шийдчихсэн.

Хувь тавилан эзнээ сонгоод ирдэг юм шиг, тэр хавар нь ОХУ-ын Соёлын яамнаас төсөл хэрэгжиж, сонгон шалгаруулалт зарлагдсан. Эхний шатны 160-аад хүүхдээс 20 гаруй хүүхэд үлдэж, дараагийн шалгаруулалтад 10 хүүхэд сонгогдсон юм. Ингээд 10-уулаа гар гараасаа хөтлөлцөөд хойд хөршийг зорьсон.

-Хүүхэд бүрийн өгөгдөл өөр байдаг даа. Эх хүний хувьд багаас нь олж харсан зүйл юу байв?

-Аав ээж нь урлагийн хүмүүс болоод ч тэр үү урлагт их ойр өссөн гэж боддог. Миний охин аливаа зүйлийг тултал хийдэг зантай. Гурил элдсэн ч, бууз чимхсэн ч гүйцэтгэл сайтай хийнэ. Энэ бүхнээс ажигласан ч, урлагийн хүн болно гэж бодож байсангүй.

Москва хотод диплом хамгаалах жүжгээ тавихад нь очиж үзсэн хэдий ч тэнд тоглож байгаа жүжигчид нь мундаг учраас театрт нь үнэлгээ өгснөөс охиндоо үнэлгээ өгөөгүй буцаж ирсэн. Одоо ч үнэлгээ тавиагүй л яваа, дүгнэхэд эрт байна. Магадгүй, гавьяаны амралтдаа гарсны дараа нь “Юу хийчих вэ” гэж эргээд харахад нэг дүн гарах байх.

-Охиныхоо найруулсан драмын жүжгийг үзэгчийн суудлаас шимтэн үзсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Тайзны тавилтыг найруулагчийн нүдээр дүгнэхийн зэрэгцээ эх хүний өнцгөөс хэрхэн тунгаав? Жүжгээс олж авсан сэрэл, мэдрэмжийн тухайд?

-Анх Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” жүжгийг хийнэ гэхэд нь би хувьдаа их эмзэглэсэн. Тухайн үед охиноосоо, “Нэгдүгээрт, маш хүн сэдэв. Хоёрдугаарт аймшигтай харанхуй, бие биенээ үзэн ядсан, хайрлаж дурласан ч тэр нь аз жаргалгүй зохиолыг яагаад сонгов, амар “хоол” биш шүү” гэж асууж байлаа. Тэр хэлэхдээ, “Манайхан Уран сайхны зөвлөлөөрөө хэлэлцэж тохирсон. 3-4 найруулагчаас намайг сонгосон” гэснээс өөр хариулт хэлээгүй л дээ.

Нээлтийн тоглолт дээр эх хүнийхээ хувьд, “Энэ жүжиг нь болохгүй бол яана” гэсэн айдас, догдлол байсан учраас дүгнэлт хийх хэмжээнд анх үзэж чадаагүй юм. Дараа нь дахиж үзье гэж зориглоод очсон. Харин эндээс харсан дүгнэлт нь ямар ч “хийгүй” жүжиг буюу унахдаа унаж, босохдоо босож, инээлгэхдээ инээлгэж, уйлуулахдаа уйлуулсан, нэг долийн хийгүй болсныг анзаарсан.

-Гурван боть зохиолын “шүүсийг шавхаж” дэглэнэ гэдэг найруулагч, уран бүтээлчээс маш их хүч, хөдөлмөр шаардсан байх?

-Про театр 6 залуу уран бүтээлчтэй, 2 охин, 4 залуу бий. Тэд насны хувьд залуу учраас Ц.Төмөрхуягийг урьж тоглуулсан гэж байсан. Мөн “Хүнд таалагдтал, тултал нь хийе гэж бодсон бол бид алдартнуудыг авч ирж болох байсан. Харин бид нэгнээ чангалж, зохиолоороо өөрсдөө хөгжих ёстой” гэсэн үзэл санаа нь надад таалагдсан.

-Тайзны арын зовлон жаргал дундуур явсан хүний хувьд охиноо энэ замаар оруулахад хайран байв уу? Найруулагч хийнэ гэдэг эмэгтэй хүнээс багагүй золиос шаардсан мэргэжил гэж боддог?

-Хүний амьдралын философи гэж бий. Миний гэр бүлийн хүн урлагийнх. Охины маань хань ижил ч мөн ялгаагүй найруулагч, жүжигчин, зураач мэргэжилтэй урлагийн хүн. Яагаад ч юм миний хувьд, гэртээ халуун хоолоо хувааж идээд суухыг амьдрал гэж төсөөлөөгүй өнөөдрийг хүрсэн байна. Магадгүй бусад мэргэжлийг эзэмшсэн бол амьдрал дэндүү уйтгартай байх байсан.

Өдөр бүр бидэнд шинийг бодож сэтгэх боломж олгодог амьдрал л хамгийн аз жаргалтай. Тэр утгаараа өөртөө аз жаргалыг бий болгож яваа гэж хардаг. Харин эгч нь хуульч мэргэжилтэй. Найруулагчийн мэргэжлийг ойлгохгүй тал бий.

-Эцэг эх биеийг төрүүлэхээс ухааныг төрүүлдэггүй гэдэг дээ. Найз нартайгаа ОХУ-ын театрт ажиллах урилга авсан ч эх орноо зориод ирсэн тухай нэг ярилцлагаас нь уншсан. Таны хувьд энэ шийдвэрт нь хэрхэн хандсан бэ?

-Аав нь “Монголдоо ирээсэй” гэж их хэлдэг байлаа. Би бол “Хүрээд ирээрэй” гээд шууд хэлж чадахгүй ч хүний нутагт байлгахыг бас хүсэхгүй л байсан. Нэг л мэдэхэд бүгд хүрээд ирсэн. Энэ жүжгийг тоглоно гэхэд миний дотор нэг айдас төрсөн нь, “Хэрэв бүтэлгүйтвэл энэ зургаан залуу, Про театр урлагийн тайзнаас шууд арчигдана” гэсэн бодол байлаа.

Санкт-Петербургт сургуулиа төгсөх жил нь би очсон юм. ОХУ-д очоод гоёлоо зүүгээд гарах гэтэл, “Ээжээ, энгийн бай. Наад алт мөнгөн гоёлоо ав. Авахгүй бол би таныг дагуулж явахгүй. Багш нар Даавкагийн ээж юу вэ гэж таныг харна, би тэдний өмнө хэн ч биш болно” гэдэг юм байна. Хүн насан туршдаа суралцдаг бололтой.

Охиныхоо хэлсэн үгнээс би өөрөө суралцаж, өндөр зэрэглэл гэдэг эгэл даруу байдгийг ойлгох жишээтэй.

-Эрдэнэтчүүд энэ жүжгээс юуг олж хараасай гэж Та бодож байна вэ? Бид яагаад очиж үзэх ёстой талаар?

-Би өмнө нь “Эрдэнэтийн хүүхдүүд хаа яваа газраа өөр байдаг” тухай өгүүлсэн дээ. Найзууд нь Эрдэнэтэд олон бий. Ялангуяа залуучууд “Бид хаана явна, бид хэн юм бэ” гэдэг дээр дүгнэлт хийж, “Миний юм”, “Манай хүн” гэдэг утгаар нь ойлгож, хүлээн аваасай. Найруулагчаар нь бахархах гэхээс илүүтэй “Манайхан энэ түвшинд байна” гэдэг ойлголтыг аваад гарвал өөр хэрэг шүү дээ.

Эрдэнэтийн сургуульд суралцаж, өвөл зунгүй энэ хотод амьдарч, алхаж, амьсгалаагүй бол Даваасүрэн өнөөдөр найруулагч болохгүй ч байсан байж магад. Тэр утгаараа бид нэгэн шинэ үеэ “өлгийдөн” авах гэж байна.

Миний охин 10 гаруй жил ОХУ-д суралцсан. Гэхдээ л Эрдэнэтдээ маш их хайртай нь мэдрэгддэг. Зун гэртээ ирээд 10-аас олон хонож чаддаггүй юм. Нэг удаа таксины жолоочоос, “Ахаа, зогсож байгаарай” гэж хэлчихээд машинаас бууж Эрдэнэт ууландаа дээж өргөж билээ. Одоо найзууддаа, “Миний төрсөн газар Эрдэнэтэд очно, та нар юу гэж бодож байна” гээд догдолж байгаа сурагтай.

45 настай цэл залуухан Эрдэнэт хотын минь шинэ үе гарч ирж байгаад би хувьдаа баяртай байна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.