УИХ-ын өнөөдрийн /2023.04.14/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүгийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын дарга Г.Занданшатар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж хуулийн төслийн холбогдох зүйл, заалттай уялдуулах чиглэл өгсөн юм. Үүний дагуу Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг ажиллаж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган, агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Мөн зарчмын зөрөөтэй хоёр санал боловсруулсныг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн олонх дэмжжээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун асуулт асууж, хариулт авлаа. Тэрбээр, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд төрөөс олгох урамшууллаас нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг авахдаа санал асуух байдлаар авч ч болно, авахгүй ч байж болно гэсэн бүрхэг зохицуулалт орж ирж буй нь учир дутагдалтай байна. Хууль тодорхой байх ёстой гэлээ. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэж буй нийт ажиллах хүчний 30 орчим хувийг эзэлж байгаа 305 мянган малчин шимтгэлээ төлөхгүй байх, тасалдуулах явдал гарч буй нь тэдний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ авч чадахгүй болох сөрөг үр дагавартайг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дурдаад, даатгалын шимтгэл төлөх нь сайн дурын учир урамшууллаас нь суутган төлүүлэхдээ заавал асуух шаардлагатай хэмээн хариулав.
Зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.