Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар тэргүүтэй хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийв.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар:
-Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлж байна. Монгол Улс 1990 онд Улс төрийн намын тухай хуулийг баталж байсан. Ингэж олон намыг тогтолцоонд шилжих хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байсан. Хамгийн сүүлд 2005 онд Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш 18 жил өнгөрсөн байна. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд энэ хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Хуульд дараах байдлаар шинэчлэл хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсоныхоо дараа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт намуудын төлөөлөл, энэ чиглэлийн судлаачдын багууд орсон. Өнгөрсөн оны тавдугаар сард Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 намаас санал авсан. Мөн таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, саналуудыг хуулийн төсөлд тусгалаа. Заавал парламентад суудалтай бус, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа намуудад төрийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын хоёроос дээш хувийн санал авсан улс төрийн намуудад төсвөөс дэмжлэг авах боломж бүрдэнэ. Сонгогчдын нэг хувиас дээш санал авсан нам бол шууд бус дэмжлэг авна. Энэ нь улирал тутам МҮОНРТ-ээр намынхаа мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг 30 минутын хугацаанд сурталчилах, төрийн өмчийн тахимыг жилд нэг удаа ашиглах гэх мэт дэмжлэг байх юм.
Мөн хандивын хэмжээг эрс багасгасан. Нэг хуулийн этгээд улс төрийн хүчинд нэг жилд 27 сая төгрөгөөс дээшгүй хандив өгнө. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээ. Иргэн зургаан сая төгрөгийн хандив өгнө. Энэ нь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэнтэй тэнцүү. Улс төрийн нам нэг данстай, тэр нь шилэн байхаар тусгасан гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.