Улсын их хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Бид өөрсдөд хамааралтай хуульдаа л анхаарал тавьдаг болжээ. Дахин сонгогдохдоо анхаарч сонгуулийн хуулиа хэлэлцээд байна. Хэлэлцэх хуулийн төслүүдийн дарааллыг өөрчлөх хэрэгтэй. Бид хойч үедээ хамааралтай хуулиа яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Боловсролын тухай хуулийг 2021 оны 11-р сард өргөн барьсан ч хэлэлцэлгүй гурван жил өнгөрөөд байна. Боловсролын багц хуулийг яагаад ингэж гацаагаад удаагаад байна вэ. 21 аймгийн боловсролын байгууллагуудаас санал авсан. УИХ-д өргөн барьсан ч ингэж удаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харж байна.
Энэ хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх хэрэгтэй. Хүүхэд бүрд амьдралын гараагаа ижил тэгш эхлүүлэх боловсролоор хангах нь УИХ-ын гишүүдийн амин үүрэг. Монгол улс шиг эрүүл мэнд, боловсролоо бараг хаячихсан өөр улс байхгүй. Зөвхөн Сонгуулийн хуулиа хэлэлцээд байгаа нь харамсалтай байна. Боловсролын тухай багц хуулийг яаралтай хэлэлцэж батлахыг гишүүд дэмжинэ гэж итгэж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ирэх жил болох сонгуулийн хууль яах вэ, хүүхдийн мөнгө, тэтгэврийн мөнгөний асуудлыг шийдэж өгч, шаардлагаа тавиач гэсэн хүсэлтийг иргэдээс их тавьж байна. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсноос хойш аймаг, дүүргийн хөдөлмөр халамжийн газар, нийгмийн хамгааллын яам өргөдлөөр дүүрсэн байна. Асуудлыг шийдэхдээ танил тал харж, дам дамдаа таньдаг, намыг нь дэмждэг нэгнийхээ өргөдөлд хариу өгдөг болсон байна. Хөөцөлдөөгүй нь хоосон хоцордог байж болохгүй. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд өгөх тухай асуудлыг Засгийн газраас яаралтай шийдэж оруулж ирэх ёстой. Хүүхдийг ялгаварладаг байдал хэрээс хэтэрч байна. Хүүхдийн гэр угаалгын машинтай, хашаа байшинтай байлаа гээд хүүхдийн мөнгө авах боломжгүй байна гэдэг юу гэсэн үг вэ? Ийм байж болохгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.