“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн БЭТ Ж.Ганбат онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэх асуудалтай холбоотойгоор өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийсэн ажил, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тн нүүрс олборлож, 13.0 сая тн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ний Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:
- Онцгой дэглэмийн хугацаанд 1,3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13.0 сая тн нүүрс борлуулсан. 800 орчим сая ам.долларыг Монгол улсад оруулж ирсэн. 2023 оны нэгдүгээр улиралд 7,5 сая тонн нүүрс борлуулж, 440 гаруй сая ам.долларыг оруулж ирсэн байна. ТУЗ-ийн баталснаар 2023 онд 23 сая тонн нүүрс борлуулахаар зорьсон. "Эрдэнэс Тавантолгой" бүрэн хүчин чадлаараа ажиллаад явахад сард 2-2,5 сая тонн нүүрс борлуулах бүрэн боломжтой гэдгийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд харууллаа.
Эхний улиралд 7,5 сая тонн нүүрс борлуулсан чадлаараа явбал энэ оны эцэс гэхэд 30 сая тонн нүүрс борлуулна. Бид нүүрсээ аль болох үнэ хүргэх ёстой. Үүний тулд нүүрсийг угааж баяжуулах хэрэгтэй. Энэ хүрээнд нүүрс угаах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа. Гэрээний дагуу 2024 оны долдугаар сард ашиглалтад орно. Жилийн 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай. Тэгэхээр одоо зарж байгаа дээр нэг тонн нүүрснээс 60-80 ам.долларын нэмэлт орлого олох боломжтой гэж үзэж байна.
Мөн нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр, тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдсэн гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.