Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг нь хийж буй Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол төрийн бүх шатны ажилтан, албан хаагчдад зөвхөн ёс зүйн хариуцлага ноогдуулахад чиглэсэн хууль биш юм. Энэ хуулийн зохицуулалт нь нэг талаар төрийн байгууллага, албан хаагчдыг хамгаалах, нөгөө талаар төрд итгэх ард иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэнэ.
Ямарваа гэмт хэрэг, ёс зүйн зөрчил гарахад төрийн албаны дотроос шүгэл үлээх, мэдээлэх, мэдэгдэхээс эхлээд өөр хоорондоо уялдаатай бүхий л зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан заасан.
Хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ тайлбарыг хийгээд, тиймээс Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бол хамгаалах хууль юм хэмээн онцоллоо. Төсөлд, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байдалд хяналт тавих чиг үүргийг Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороо хэрэгжүүлэхээр заасан. Дэд хороо 20-оос дээш албан хаагч бүхий төрийн бүх байгууллагын дэргэд ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Хэдийгээр 20-оос дээш тооны албан хаагчтай байгууллагад Ёс зүйн дэд хороо ажиллана гэж тусгаж байгаа боловч жижиг, том гэхгүй төрийн бүх байгууллагад ёс зүйн хэм хэмжээг сахиулж, хянаж байх ёстой гэж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцгойлон санууллаа. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 4292 төрийн байгууллага ажиллаж байгаа юм. Эдгээр байгууллагад бүгдэд нь Ёс зүйн дэд хороодыг байгуулж, тэдгээрийн үйл ажиллагааны уялдааг ханган, институтчилж, нэгдсэн удирдлагаар хангаж, систем болгож байж бид төрийн албан хаагчдаа хамгаална. Байгууллагын удирдлагын, эс бөгөөс улстөрийн дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны хүчирхийлэл, дарамтыг албан хаагч Ёс зүйн дэд хороондоо мэдээлж, гомдол гаргадаг. Гэтэл дэд хороо нь ажилладаггүй, дарга нь нэг хүн томилогдчихдог байдал өнөөдөр нэгэнт бий болчихсон байгаа. Үүнийг хуулийн төсөлд тодорхой болгож, шийдвэрлэж байгаа гэдгийг Улсын Их Хурлын дарга тодорхой тайлбарлав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.