Засгийн газраас төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг хангах, олон улсад өрсөлдөхүйц засаглал, менежменттэй болгохын тулд юун түрүүнд Эрдэнэс Монгол ХХК-д дүрмийн шинэчлэлүүдийг хийж эхэлсэн. Чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд тус компани анх удаа ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтыг явуулж, баг, менежерийн зарчмаар ажиллаж эхлээд байна. Харин дүрмийн дараагийн шинэчлэлээр компанийн ТУЗ-д өөрчлөлт оруулсан.
Тодруулбал, Эрдэнэс Монгол ХХК ба охин компаниудын ТУЗ нийт 270 гишүүнтэй байсан бол дүрмийн шинэчлэл дагуу толгой компани Эрдэнэс Монгол ХХК, Багануур ХК, Шивээ-Овоо ХК, Эрдэнэс Ассет Менежмент ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК гэсэн таван компани ТУЗ-тэй байхаар тогтож, тэдгээрийн нийт гишүүд 43 байхаар болж байна. ТУЗ-ийн нийт гишүүдийн 49 хувь нь хараат бус, 51 хувь нь төрийн төлөөлөл байх юм. Хараат бус гишүүдийн хувийг нэмсэнээр тухайн салбартаа мэргэшсэн, туршлагатай төлөөлөл орж ирэх боломжийг бүрдүүлжээ.
Тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийн нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлж, дөрөвдүгээр сарын 17-нд дуусна. Өмнө нь ТУЗ-ийн гишүүд үндсэн цалинтайгаар ажилладаг байсан бол дүрмийн шинэчлэлээр цагаар цалин бодогддог системийг нэвтрүүлж эхэлснийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна. ТУЗ-ийн гишүүдийн тоог багасгаж, зөвхөн үр дүн, сайн ажиллагааг чухалчлах бодлогыг ийнхүү Эрдэнэс Монгол ХХК-ийн дүрмийн шинэчлэлээс харж болно.
Цаашид, Засгийн газраас төрийн өмчит компаниуд үр ашиггүй мөртлөө ажилладаг байдлыг таслан зогсоож, татан буулгах, нэгтгэх ажлуудыг хийж эхэлнэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ. Тэрбээр ТӨБЗГ-ын харьяанд байдаг Төрийн өмчит 80 ХХК, ХК-иудын ТУЗ-д өөрчлөлт оруулахаар бэлдэж байгааг онцлов. Тэдгээр компаниудын ТУЗ-д нийт 600 орчим гишүүн ажилладаг бол үүнийг 100 болгож бууруулах ажлыг зохион байгуулахаар Засгийн газраас ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.