СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-13

УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас татгалзав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ.

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ИТХ-ын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож шүүхээс ял авсан тохиолдолд ИТХ нь энэ асуудлыг хэлэлцэж бүрэн эрхээс нь чөлөөлөхөөр заасан нь шүүхийн шийдвэр эцсийн байх, шүүхийн шийдвэрийг бусад хуулийн этгээд шүүх хэлэлцэхгүй байх Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна гэж дүгнэжээ.

Хууль зүйн байнгын хороо уг асуудлыг өчигдөр хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Тус дүгнэлттэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар:

-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй. Иргэдийн хурлын төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн заалт нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуульд Иргэдийн төлөөлөгчдийн бүрэн эрх дуусгавар болох найман үндэслэлийг зааж өгсөн. Үүнд гэмт хэрэг үйлдэж, шүүхийн шийдвэр гарсан бол огцруулах боломжтой бөгөөд ИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэ нь ямар агуулгатай гарсан бэ гэхээр Гэхдээ тухайн хүн сонгогдсон төлөөлөгчийнх нь хувьд бүрэн эрх нь дуусгавар болох, огцруулах, чөлөөлөх асуудлыг ИТХ-аар шийдвэрлэх нь зүйтэй. Ингэхгүй бол тухайн тойрог төлөөлөгчгүй болох, нөхөн сонгууль явуулах боломжгүй болох учраас энэ заалтыг оруулсан. Тиймээс парламентаас баталсан хууль Үндсэн хуулийг зөрчөөгүй. Нөгөө талаар огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гээгүй. Агуулга нь огцруулах асуудлыг шийднэ гэж заасан байгаа. Агуулга нь ч тийм байгаа. Тиймээс ИТХ-аар хэлэлцэнэ, огцруулах хуулийн үндэслэл нь байгаа. Шүүхийн шийдвэр гарсан учраас санал хураагаад огцруулъя гэдэг энгийн процесс юм. Тэрнээс биш шүүхийн шийдвэрийг  зөв, бурууг нь ИТХ  хэлэлцэх тухай биш.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Би ч бас Цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч гэдэг бол ард түмнээс сонгогдсон. Энэ асуудалд шүүх, хүчний байгууллагын шийдвэр гэхээс гадна ард түмний төлөөлөл гэдэг асуудлыг авч үзэх ёстой. Мандат авч ажиллаж байгаа. Улс төрийн нөлөөлөлд өртөж болох боломжтой этгээд байдаг. Ялангуяа нэг, хоёрхон хүний зөрүүтэй байх юм бол улс төрийн нөлөөлөл орох боломжтой. Тийм учраас УИХ-ын гишүүн халдашгүй байдаг. Ард түмний төлөөлөл халдашгүй байдаг.

Цэц Үндсэн хуулийг самарч байгаагаа хэзээ зогсоох вэ? Үндсэн хуулийн 2016 оны дүгнэлтээ эргэж харж зохисгүй зүйл хийсэн. Үүнээс болоод сонгуулийн хууль орж ирж байна. Бид 2016 онд холимог тогтолцоог дэмжээгүй. Гэтэл буцаагаад УИХ шийднэ гэсэн шийдвэр гаргаснаас болоод одоогийн нөхцөл байдал үүссэн. Тэгээд Үндсэн хуулийн зөрчилтэй эсэх маргааныг шийднэ гээд сууж байдгаа больё.. Ард түмэн гишүүнээ сонгохдоо ямар нэгэн байгууллага дамжгүй сонгоно гэж баталчихаад одоо үүнийгээ өөрчилнө гээд сууж байна. Цэцийн гишүүд зөнөчихсөн байна. Төрийн эсрэг гэмт хэрэг хийгээд сууж байгаа хүмүүсээ эргүүлээд тат. Хууль бус шийдвэр гаргасан хүмүүст төрийн эсрэг гэмт хэрэг хийсэн үндэслэлээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд ИТХ хэлэлцэнэ гэж заасан. Хаанаас юу гараад ирэв. Шүүхийн шийдвэрээр шийтгэгдсэн бол шууд ажлаасаа халагдах ёстой. Угтаа бол ИТХ хэлэлцэхгүйгээр огцруулна гэх заалтыг оруулж ирэх байсан. Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагад нийцэж байгаа юм уу. Ингээд бид Цэцийг яллалдаг. Үндсэн хууль зөрчсөн асуудлыг үнэн зөв, хуульд нийцүүлээд гаргаад ирэхээр нь бидний баталсан хууль зөв гээд байх юм. . Энд ямар зүйл явагдаад байна вэ. Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэнэ гээд өдөр, шөнөгүй л ярьж байгаа. Гэмт хэрэг үйлдээд 3 шатны шүүхээр эцсийн шийдвэр гарсан бол биелүүлэх л ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Иргэдийн төлөөлөгч гэдэг бол ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнтэй ялгаагүй. Иргэдийн мандат гэдэг бол чухал. Хэрэв Цэцийн шийдвэр зөв гэж үзвэл шүүхийн шийдвэр гарснаар УИХ-ын гишүүд шууд чөлөөлөгддөг, Цэцийн гишүүд ч өөрсдөө ажлаа өгдөг болно. Цэцийн гишүүд иргэдээс сонгогддог хүмүүс биш ч УИХ-ын гишүүдээс ч илүү хамгаалалт эдэлдэг. Шүүх гэм буруутайг нь тогтоож байгаа болохоос чи ИТХ-ын төлөөлөгчөө хийж бологүй гэж байгаа юм биш гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.95.24

Наад цэцийн гишүүдээ цэгцлээч, согтуу шийдвэр гаргаад байдаг юм уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.