Монгол Улсыг шүлхий өвчингүй, тайван байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Дэлхий банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслөөс санхүүжүүлэн гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 6.5 сая тун вакциныг Мал эмнэлгийн ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Вакцин хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа болон бусад төлөөллүүд оролцлоо.
Хаврын дархлаажуулалт энэ сарын 15-наас эхэлж байгаатай холбогдуулан вакциныг 21 аймаг, нийслэлд батлагдсан хуваарийн дагуу шуурхай хүргэх ажлыг зохион байгуулж байна.
2022 оны эхээр Монгол Улсын хэмжээнд шүлхий өвчний дэгдэлт нэмэгдэж нийт 98 суманд бүртгэгдээд байсан. Энэ үед Дэлхийн банкны санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хэрэгжүүлж буй Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төслийн хүрээнд зөвхөн үхэр болон сарлагийн сүргийг дархлаажуулах стратегийг боловсруулах болон хэрэгжүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газарт дэмжлэг үзүүлэн ажилласан юм.
2022 оны 4-р сард эхний үхэр сүргийн вакцинжуулалт хийгдсэнээс хойш гурван сарын дараа улсын хэмжээнд вакцинжуулалтын дараах ийлдэс судлалын тандалт хийсэн. Тандалтын үр дүнгээс харахад улсын хэмжээнд нийт сумдын 96 хувьд нь үхэр, сарлаг шүлхий өвчнөөс хамгаалагдсан байна. Шүлхийн вакцин нь 6 сарын хугацаанд л халдвараас хамгаалдаг тул 2022 оны 11-р сард сард хоёр дахь вакцинжуулалтыг хийсэн. Үхэр сүргийг вакцинжуулж эхэлснээс хойш шүлхийн дэгдэлтийн тоо огцом буурч нийт 10-аас дээшгүй тохиолдол бүртгэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.