Баянзүрх дүүргийн ИТХ-ын ээлжит ХI хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 төлөөлөгчийн зүгээс дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийг огцруулах тухай саналыг өргөн барьжээ.
Тус саналыг ИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, хуульд заасны дагуу 15 хоногийн дотор Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцжээ.
Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 37 дугаар зүйлийн 37.4.4 дэх заалтад заасны дагуу Хурлын нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай тогтоолын төсөл дэмжигдээгүй байна.
Энэ талаар БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр:
-Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, тэдгээрийн баг хамт олон дүүргийг хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” бодлогын баримт бичигт туссан ажлуудыг үргэлжлүүлэн хийх, тогтвортой засаглал, хөгжлийг бүх шатандаа чухалчилж байгааг харуулсан шийдвэр боллоо гэж Хурлын даргын хувьд үзэж байна.
Эцэст нь хэлэхэд Улс эх орны хөгжлийг улс төржилт үгүй хийнэ үү гэхээс, урагш ахиулахгүй. Улс төржих тусам иргэд, аж ахуйн нэгжүүдийн ажил, амьдрал уруудаж, эцэстээ мухардалд орж хямрал нүүрлэх болно. Тиймээс Бид нэг нэгнээ хэмлэж, шүүмжлэхээс илүү эв нэгдлийг эрхэмлэж, дүүрэг, нийслэл, улс орныхоо хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахыг эрхэм төлөөлөгч нараасаа чин сэтгэлээсээ хүсэж, бас уриалж байна. Хөгжлийн зураглалыг хөрсөн дээр нь буулгаж өсөж төрсөн, ажиллаж амьдарч буй Баянзүрх дүүргээ хөгжүүлцгээе гэв.
Баянзүрх дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгч нарын санаачлан оруулж ирсэн бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг хэлэлцэж олонхын саналаар дэмжжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.