СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авлига авах чинь хүний эрх юм уу?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монголд хүн болж төрөөд л асуудалтай тулна. “...Хоёрхон хувь”-ийн үр удам болж, өргөө гэрт нь мэндлээгүй бол шүү дээ. Цэцэрлэг олдохгүй. Сургууль бас хүртээмжгүй. Төгсөөд ажил олох хэцүү. Олсон ч адгийн цалингаар амин зуулга хийнэ.

Дээрээс нь “...Олон зууны түүхтэй” хэмээн сайрхдаг Монголд маань экспортын ганц том үйлдвэрлэл алга. Махнаасаа бусдыг импортлоод идэж, хэрэглэж байна. Нүүрс, зэсээ зөөж аваачиж өгөөд, оронд нь авсан жаахан “ногоон”-оо идэх, өмсөхдөө өгчихдөг. Бас энэ хотын замын түгжрэл, газар олголтыг харчих. Товчхондоо, ийм.

Ерөөсөө энэ бүхэн нь 30 жилийн турш төгс хөгжиж ирсэн авлигаас л болсон. Тэр дундаа, өндөр түвшний авлигатай холбоотой. л дээ.

Ингээд харахаар манай “акул”-ууд, тэдний үйл ажиллагаа нүдэнд харагдаад, тархинд буугаад ирж байгаа биз?

Гэхдээ бид “акул”-ууддаа аймаар хайртай юм байна. Хулгайлсан өмчөө “...хувийн өмч” хэмээн бидэнд итгүүлчихэж л дээ. Сүүлийн хэд хоногт илүү харагдаж байна. “...Хөөрхийсийн хүний эрхийг ноцтой зөрчлөө. Эрх чөлөөг нь хясан боогдууллаа” гэж халаглацгааж байна.

Хоёр долоо хоногийн өмнө “Ажнай” Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүллээ. Улсаараа л хэрүүл уруул боллоо. УИХ ч хоёр тал болоод үзчихлээ. . “Ажнай” Бат-Эрдэнийг “...Олон жил бизнес хийсэн хүн шүү”, “...Улс төрийн хэлмэгдүүлэлт боллоо”, “...Зочид буудлын харуул байсан Энхболд гэдэг юм гүтгэлэг хийсээр байгаад ийм болгочихлоо” гэлцэв. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензэд хамааралтай маш их хэмжээний гарцтай нүүрсэн мөргөцөг яагаад алга болчихсон юм бэ.

Яг үнэндээ, энэ хэргийг Өмнөговийн Энхболд ч биш анх 2012, 2013 оны үед “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байсан нөхөд гаргаж тавьсан байдаг. Арван жил өнгөрсний дараа л арайхийн шалгаж тогтоох гэж байгаа юм. Нэгэн цагт МАН-ыг байтугай АН-ыг атгаж, Монголыг базаж явсан Т.Бадамжунайг өнгөрсөн долоо хоногт эх оронд нь авчирлаа. Бас л өрөвдөцгөөв. Гэхдээ ийм сэдэл рүү татах ажиллагаа хийгдэж байгаа бололтой. Өрөвдүүлэхийн тулд өмөөрцгөөж ч байна. Голдуу түүнд “өртэй” нөхөд байх аж. “...Т.Бадамжунай тийм ч муу хүн биш”, “...Бадамжунай муугүй ажилласан сайд” ч гэх шиг. Араас нь хэн хэн гарч ирж юу юу ярих нь өдийд зурагдчихсан шинжтэй. Цуваа үргэлжилнэ, хараад л байгаарай. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Бадамжунай ирсэн нь олон хүний “эрх ашиг”-ийг хөндөж байна л гэсэн үг. Дэлгэцээр гарч ирээд өмөөрөх маягтай үг хэлээд байна гэдэг бол “...Ах аа, намайг бодоорой” буюу “...Намайг битгий яриарай” л гэж байгаа юм.

Удахгүй . Чухамдаа энэ ажиллагааг “акул”-уудын гар хөлд гүйж явсан, хишиг буяныг нь хүртсэн нөхөд л хийгээд байгаа нь харагдаад байна. Тэр ч байтугай АН хаягтай нөхөд үүнд оролцож, эвдрээд байгаа намаа улам эвдэлж байна. Намынхаа тамгыг дарж хэвтчихээд байгаа гэх С.Эрдэнэ гарч ирээд их олон “юм” ярьж байх юм. Ингэхэд монголчууд түүнтэй НДС-гийн хөрөнгийн тооцоотой л байх шүү. За тэгээд, “Ард”-ыг “...Миний өмч” гээд байдаг Со-гийн үгийг ч нотлох шаардлага хууль хяналтынханд бий. Тэд ч “...Муу хүн биш” гэдэг шиг муугүй ажиллаж байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, тусгай сангуудын зарцуулалт гээд авлигын “хүүдий”-нүүдийг ар араас нь нээж байна. Энэ ололт шүү. Үүнийг амжилт болговол бүр сайн.

Хөгжлийн банкны найдваргүй зээлийн дийлэнхийг төлүүлчихлээ. Нүүрсийг л гэхэд бараг л хагас жилийн өмнөөс 100 ам.доллараар зардаг байснаа 180 ам.доллараар өгдөг болсон байна. Үүнээс энэ оны эхний хагаст 500 тэрбумыг олно гэж байна. Жилийн эцэс гэхэд их наядын орлого илүү олно гэж албаныхан мэдээлж байна. Энэ үнэн бол дандаа мөнгө нь дутаж тодотгол хийдэг байсан төсвийг анх удаа илүүдүүлж тодотгож мэдэхээр байгаа аж. Ингээд байвал удахгүй халаасанд мэдэгдэж эхэлнэ гэсэн үг. Бас .

Тэгэхээр “акул”, “жараахай” аль аль нь үгүй болж байж л энэ нийгэмд шударга ёс тогтоно. Ер нь тэгээд авлига авах чинь хүний эрх биш шүү. Харин авлига авч эрх чөлөөгөө эдэлдэг үе Монголд байсан. Саяхныг хүртэл байсан. Одоо бол цаг өөр болсон.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.