Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтны улсын зөвлөгөөн”-ийг гурван жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд тав дахь удаагийн улсын зөвлөгөөн болов.
Нийслэл, дүүрэг, аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагад үүрэг гүйцэтгэж буй үйлчилгээний 11 мянга гаруй ажилтны төлөөлөл 250 гаруй хүн чуулсан улсын зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг оролцож сайдын алба авснаас хойш өнгөрсөн гурван сарын хугацаанд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлууд болон үйлчилгээний ажилтнуудын ажиллах орчин нөхцөл, цалин урамшуулал, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой бодлогоо танилцуулав.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 56 мянган хүний 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Цалинг нэмэгдүүлэх арга зам, боломж бололцоог тодорхойлох зорилготой ажлын хэсгийг томилон ажиллуулж байгаагаа дуулгав.
Тодруулбал, Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон эрхийн хүрээнд ТҮ-ээр цалинжиж байгаа ажилтнуудын цалинг 15-30 хувь нэмэгдүүлэх талаар холбогдох судалгаа, тооцоолол гаргах ажлын хэсгийг ХНХЯ-тай хамтран байгуулан ажиллаж байна.
Гүйцэтгэлийн санхүүжилтээр цалин харилцан адилгүй байгааг эргэн харж бодлогын тохируулга хийх шаардлагатай. Эхний ээлжинд алслагдсан, хүн ам цөөтэй орон нутгийн сумын ЭМТ-д алслагдсан байдлын индекс ашиглан санхүүжилтийг нэмэгдүүлэх, байгууллагуудын гүйцэтгэлтэй холбогдсон цалингийн ялгаатай байдлыг өөрчлөн ажилтны гүйцэтгэлийн шалгуурын жишиг боловсруулах зэрэг ажлыг эхлүүлсэн.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг орон сууцны ипотекийн зээлд тэргүүн ээлжинд хамруулах зорилгоор Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн эрүүл мэндийн салбарт зайлшгүй хэвшүүлэх үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлж эхлэх гэж байгаа болон салбарын хууль эрх зүйн шинэчлэлийг хийх тал дээр тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа зэрэг олон мэдээллийг улсын зөвлөгөөнд оролцогчдод өгчээ.
Зөвлөгөөний үеэр илтгэл тавьж, мэдээлэл хийсэн хүмүүс Засгийн газрын 2022 оны “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээ”-г 488 дугаар тогтоолын дагуу ТҮ ангиллын цалингийн зардлын төсөв 8.0 хувиар өсжээ.
Эрүүл мэндийн салбарын ажилчдад олгож байгаа нийт нэмэгдлийн дундаж хэмжээ-56 хувь, үүнээс эрүүл мэндийн үйлчилгээний ажилтнуудад ажилласан жилийн нэмэгдэл 5-25 хувиар, доктор профессорын нэмэгдэл 5-20 хувиар, орон нутагт ажилласны нэмэгдэл 10-20 хувь хамаарч байна.
2022 оны байдлаар ТҮ-ээр ажиллаж байгаа ажилчдын дундаж цалин 550,0 - 829,6 мянган төгрөг байна. (Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоолоор баталсан үндсэн цалин – 712,956 төг)
2022 оны байдлаар яамны харьяа байгууллагууд үндсэн цалингаа 65 хувиар, нийслэлийн харьяа байгууллагууд 61,5 хувиар, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд 56 хувиар тус тус нэмсэн тухай болон эмнэлгүүд ажиллагсдынхаа цалинг хэрхэн нэмсэн талаар тодорхой тоо судалгаа бүхий мэдээллүүдийг танилцуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.