СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сууц өмчлөгчдийн холбооны тухай хуулийг шинэчлэн найруулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-дыг зохион байгуулалтад оруулж хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, үл ойлголцлыг зохицуулах зорилгоор хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн Засаг даргын А/270 дугаар захирамжийн дагуу СӨХ-ны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Өдгөө нийслэлд буй 400 мянган өрхийн тал хувь нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Эдгээр барилгын цэвэрлэгээ үйлчилгээ, тохижилт, ногоон байгууламж, аюулгүй байдал, дундын өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлыг тухайн орон сууцны СӨХ хариуцан ажилладаг. 2021 оны байдлаар улсын хэмжээнд нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын ашиглалт, үйлчилгээг нийт 1437 сууц өмчлөгчдийн холбоо, 124 мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж байна.

СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой асуудал цөөнгүй гардаг. Тухайлбал, нийт СӨХ-ны дөнгөж 307 нь орчны газраа ашиглах тухай гэрээ байгуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл, олон СӨХ орчноо иргэддээ зориулан тохижуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах дээр учир дутагдалтай ажилладаг. Мөн барилгын компаниуд орон сууц барьж ашиглалтад оруулчихаад СӨХ-гоо иргэдэд шилжүүлдэггүй тохиолдол цөөнгүй. Нөгөө талаас оршин суугчид СӨХ-ны төлбөрөө олон сараар төлдөггүй зэрэг асуудал ч бий. Эдгээр асуудлыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байгаа юм.

Эдгээр нөхцөл байдалд үндэслэн чиг үүргийн хүрээнд 2003 онд баталсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлыг эхлүүллээ. Хуулийн төсөлд иргэд, СӨХ болон бусад талын саналыг хүлээн авч тусгах нь маш чухал. Тиймээс бид ulaanbaatar.mn сайтаар дамжуулан санал хүлээн авах ажлыг зохион байгуулна. Иргэд, СӨХ болон холбогдох талууд хуулийн төсөлд саналаа идэвхтэй ирүүлэхийг хүсэж байна" гэлээ.  

Уг хуулийг шинэчилснээр:

  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах,
  • Хяналтын тогтолцоог боловсронгуй болгох,
  • Нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах,
  • Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах,
  • Оршин суугч, иргэд, СӨХ-ны харилцан уялдааг хангах,
  • СӨХ-дын эрх зүйн байдлыг тодорхой, ойлгомжтой болгох, тэдгээрт хуулийн этгээдийн эрх олгож, хууль, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн харилцаанд оршин суугчдынхаа эрх ашгийн хамгаалан оролцох боломжийг бүрдүүлэх,
  • Нийслэл, дүүргийн удирдлагаас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, хяналт тавих эрх зүйн орчин бүрдэнэ.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
157.167.37.180

СӨХ-д асуудал маш их бна. Хуулийг бодит байдалтай уялдуулж шинэчлэх хэрэгтэй байна. Иргэдээс саналыг нь сайн авч тусгах хэрэгтэй.

Г. Туяа
10 сарын өмнө
66.181.176.43

Оршин суугчдын төлдөг СӨХ -ийн үнэ тарифыг бодитой болгох аргачлал зааврыг боловсруулан гаргах шаардлагатай байна. Тариф тогтоох аргачлал заавар байхгүйгээс ялангуяа шинээр байгуулагдсан байрнуудын удирдах зөвлөл, СӨХ -ийн хэдэн нөхдүүд нийлээд дуртай үнэ тогтоож / МСӨХ -ны Дээд зөвлөлөөс баталсан үнэ гэж хүчин төгөлдөр бус үнээр/ төлбөр авч байна. Өөр дээрээ жишээ авахад шинэ авсан байрандаа СӨХ-д 115000 төгрөг, хуучин 9 давхар байр маань 25000₮ төлж байна. Тухайн СӨХ -ийн зардал өртөгт суурилсан үнэ тариф боловсруулах журам гаргаачээ . Хуучин, шинэ байр, лифттэй, лифтгүй, айлын тоо ,СӨХ -ийн ажилчид янз бүр бгаа. Анхаарч үзнэ үү?

Зочин
5 сарын өмнө
59.153.114.173

Сөх-ийн тухай хуульд хэд орчим айл өрхийн дунд сөх байгуулах, хэдэн хүн цалинжуулах гэх мэт зүйлсийг тусгамаар санагддаг. 70 гаруйхан айл өрхийн дунд 1 сөх байгуулсан нэрээр 3 хүн ( сөх ийн дарга, нягтлан бодогч, үйлчлэгч) цалин авах тэр нь цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш авах ёстой гэх юм. Ер нь авах цалинд хэмжээ тогтоогоод байгаа юм чинь хийх ажилд нь бас хэмжээ баймаар л байна шүү дээ. Айл өрхүүд хөлс хүчээ урсган байж олсон цөөн цалингаараа сөх нэртэй хэдэн хүн цалинжуулаад байхад хэцүү л байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.