“Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форум Улаанбаатар хотноо 2023 оны 04 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Энэ өдөр /2023.04.11/ “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл” сэдвээр үргэлжилж байна.
Форумын энэ өдрийн ажиллагааг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр, Дэлхийн улс орнууд 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар хэрэгжүүлэх хугацааны тэн хагас нь өнгөрсөн байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг чухал амлалт, үүрэг бол жендэрийн тэгш байдлыг хангах юм. Жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг устгаж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах цогц зорилт нь улс орнууд 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд НҮБ-ын өмнө хүлээсэн нэг үүрэг, амлалт.
Монгол Улс “ЖЕНДЭР БА ХӨГЖИЛ” гэсэн хандлагыг баримталж, гэр бүл, охид бүсгүйчүүдийн хүчирхийлэл, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо, жендэрийн зорилтуудыг дэвшүүлж, асуудлуудыг шийдэхээр чухал зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа орон. 2030 онд хэрэгжүүлсэн байх ёстой ч цар тахлын нөхцөл байдал болон бусад олон хүчин зүйлсээс үүдэн хэрэгжилт удаашралтай байна гэж үзэж байна.
Форумын нээлтийн үеэр онцолж хэлэх нэг мэдээ байна. 2023 оны зургадугаар сарын 13, 14-нд Улсын Их Хурлаас АНУ-ын Стэнфордын их сургууль, БНСУ-ын Эва их сургууль, “Бан Ги Мүн” сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой хөгжлийн яриа хэлэлцээ: Жендэр болон тогтвортой хөгжил” гэсэн сэдвээр олон улсын форум зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Зургадугаар сар бүхэлдээ эмэгтэйчүүдийг дэмжих, хөгжүүлэх сар болно хэмээн итгэж байна. Тухайн сард Засгийн газар, Гадаад хэргийн яамнаас эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын хурал, зөвлөгөөн зохион байгуулна.
Жендэрийн талаарх статистикийг харахад эмэгтэйчүүдэд тулгамдаж буй нэг томоохон асуудал нь өнөөдрийн форумын гол сэдэв болох шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн идэвх, оролцооны асуудал юм. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг Улс төрийн оролцооны талаарх хүйсийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс дэлхийн 146 улсаас 113 дугаарт орсон байна. Мэдээж хэрэг, энэ бол сайн үзүүлэлт биш.
2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаарх статистик, тоо баримтаас харахад дэлхийн улс орнуудын парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх дундаж хувь 26.5 байгаа бол Ази тивд 21.2 хувь байна. Харин манай улсад 17 хувь байгаа нь бид энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, эмэгтэйчүүдийг улс төрийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог хангах механизмыг бүрдүүлэхээс гадна нийгмийн идэвх оролцоо, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг илэрхийлж байна.
Ийм ч учраас бид Олон Улсын Парламентын Холбоотой хамтран Улсын Их Хурлын жендэрийн мэдрэмжтэй байдалд үнэлгээ хийх ажлыг эхлүүлж байгааг дурдахад таатай байна. Парламент өөртөө жендэрийн үнэлгээ хийх нь цаашид аливаа хууль тогтоомж жендэрийн үзэл баримтлалтай байх, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг сайжруулахад чухал алхам болно. Ийм ч учраас Улсын Их Хурлын даргын дэргэд “Эмэгтэй парламентчдын орон тооны бус зөвлөл” байгуулсан. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн боловсруулалтад идэвхтэй оролцож, 1:1, жагсаалт, эмэгтэйчүүдийн квот, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд Д.Сарангэрэл, Х.Булгантуяа гишүүн тэргүүтэй эмэгтэй гишүүд идэвхтэй ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
Үүнээс гадна бид хууль эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгохоор ажиллаж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг маргаашаас хэлэлцэж эхлэх гэж байгаа. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг томилох, сонгогдоход дэмжлэг үзүүлэх тусгай зохицуулалтуудыг эдгээр хуулийн төсөлд тусгаж, улмаар эмэгтэйчүүдэд ээлтэй сонгуулийн тогтолцоо бий болгохыг зорьж байгаа юм. Улсын Их Хурлын Тамгын газрын түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргатай ажиллаж байгаа. 2020 оноос хойш. Тийм учраас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах асуудал бол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд квот тогтоохоос гадна шийдвэр гаргах түвшин, бодлогын түвшин ийм квотыг тогтоох асуудал гэж үзэж болно.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөлд аль нэг хүйсийн нэр дэвшигчдийн эзлэх хувь хамгийн багадаа 30-40 хувь байхаар тусгагдсан. Хэлэлцүүлгийн явцад энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэж байна. Мөн хувь тэнцүүлэх зарчмаар нам, эвслийн жагсаалтад багтах нэр дэвшигчдийн хувьд хүйсийн харьцаа тэнцүү байх, жагсаалт нь эрэгтэй, эмэгтэй ээлжилж дараалсан буюу 1:1 байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ бол жендэрийн тэгш байдлыг хангах талаар манайд улсад урьд өмнө огт байгаагүй шинэлэг, дэвшилт зохицуулалт юм. Энэ маань санал тоолох, нээлттэй, хаалттай жагсаалтад тусгалаа олохоос олон зүйл хамаарна. Улс орны хэмжээнд нээлттэй, хаалттай жагсаалтаа хэрхэн тоолохоос жендэрийн тэгш байдлыг хангах болон сонгуулийн тогтолцоог үр дүнтэй болгоход чухал элементүүд байх юм.
Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийн хөшүүргээр дамжуулан жендэрийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зохицуулалтыг тусгаж байна.
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллах нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой болохыг олон улсын судалгаа харуулдаг.Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн хангах нь манай улсын ардчилал, засаглалын үйл явц ямар түвшинд байгааг илтгэх чухал шалгуур болно.
Монгол Улсын Их Хурлын даргын хувьд Улс төрийн намуудын эрэгтэй удирдлага, парламентын нийт гишүүд, эрэгтэй гишүүддээ эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоог дээшлүүлэх хууль эрх зүйн дэвшилт шинэчлэлийг тууштай дэмжихийг уриалж байна. Нийгэмдээ эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжиж ажиллахыг уриалж байна гэлээ.
Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Илейн М.Конкиевич нээлтийн үг хэлсэн юм.
Тэрбээр, “Эмэгтэйчүүд улс төрд амжилт гаргах таатай орчин бүрдүүлэхэд улс төрийн намууд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар олон улсын эксперт, мэргэжилтнүүдээс сонсох завшаан өчигдөр бидэнд тохиосон. Монголын улс төрийн намуудын лидерүүд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн үйл хэрэг, өөрчлөлт шинэчлэлтийн туршлагаа хуваалцаж, улмаар шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалтад улстөрийн 10 намын удирдлага гарын үсэг зурлаа. Энэ нь улс төрийн тавцанд эмэгтэйчүүд тэгш төлөөлөлтэй байх хүчин чармайлтыг Монголын ард түмэн бодитоор баталгаажуулах явдал гэж харж байна” гэлээ.
Хатагтай Илейн М.Конкиевич, УИХ-аар удахгүй Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байгаа энэ цаг үед зохион байгуулж байгаа энэхүү хэлэлцүүлэг УИХ-ын гишүүд, улс төрийн лидерүүдийг үнэ цэнтэй нотолгоо, бодитой үндэслэл бүхий мэдээллийг хүргэнэ гэж найдаж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.