“Эрдэнэт үйлдвэр”-ийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан эрх мэдлээ урвуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 70 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсоныг АТГ шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Тэрбээр тендерт оролцсон нэгэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад ялуулсныхаа “шагнал”-д үеэл дүүгийнхээ эзэмшлийн “Өсөх плюс технологи” ХХК-ийн дансаар дамжуулан уг мөнгийг авсан аж.
Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг буурахгүй байгаад дүгнэлт хийж Орхон аймгийн Прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн нь ч үүнтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Тус аймагт 2022 онд төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг 16 байсан бол энэ жилийн I улирлын байдлаар найман гэмт хэрэгт төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнуудыг яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ. Тэднээс цөөнгүй нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан аж. Энэ нь зөвхөн Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьсан хэргийн тоон мэдээлэл юм. Харин НПГ-ынхан хяналт тавьсан олон хэрэг байгаа гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.