Хятадын хойд ба өмнөд хэсгийг холбосон хамгийн урт усан зам болох эртний Бээжин-Ханжоугийн их сувгийн бүх хуурай хэсгүүдийг дахин усаар дүүргэжээ.
Сүүлийн зуу гаруй жилийн хугацаанд энэ сувгийг 2022 онд анх удаа усаар бүрэн дүүргэсэн.
Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Бээжин, Тяньжин хотууд болон сувгийн хойд хэсэг дайран өнгөрдөг Хэбэй, Шаньдун мужуудад хэрэгжиж эхэлсэн төслийн хүрээнд нийт 191.21 сая шоо метр орчим ус сувагт шахсан байна.
Тав дугаар сарын эцэс гэхэд сувагт шахсан усны хэмжээ үүнээс ч нэмэгдэнэ гэж Хятадын Усны аж ахуйн яам мэдээлжээ.
Бээжин-Ханжоугийн их суваг нь эртний Хятадын тээвэрт чухал үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 2500 гаруй жилийн түүхтэй, дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн урт хиймэл усан зам юм.
2014 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн. Хүний буруутай үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлтөөс болж сувгийн зарим хэсэг 20-р зууны эхний хагаст ширгэж эхэлсэн байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.