Жил бүр зохион байгуулдаг техникийн хяналтын үзлэгийн талаар "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэмөнхөөс тодрууллаа.
-Улсын хэмжээнд одоогоор хэдэн тээврийн хэрэгсэл үзлэгтээ хамрагдаад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 1,134,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. 2022 оны жилийн эцсийн байдлаар 793 мянган тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгт хамрагдсан.
-Техникийн хяналтын үзлэгт яагаад заавал хамрагдах шаардлагатайг тайлбарлавал?
-Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл байнга тохиолддог. Энэхүү эвдрэлээс үүдэн зам тээврийн осол гардаг. Тухайлбал, 2022 онд зам тээврийн ослын улмаас Монгол Улсын хэмжээнд 539 хүний амь нас эрсэдсэн эмгэнэлтэй тоо баримт бий.
Тиймээс техникийн эвдрэлтэй холбоотой зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх, хүний эд хөрөнгө, амь насанд учирч болзошгүй эрсдлийг бууруулах зорилгоор техникийн хяналтын үзлэгийг зайлшгүй хийдэг.
-Улсын хэмжээнд итгэмжлэгдсэн техникийн хяналтын үзлэгийн хэдэв төв байдаг вэ?
-"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь улсын хэмжээнд 27 салбараар техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагааг явуулж байна. Улаанбаатар хотод дөрвөн салбар, 21 аймагт тус бүр нэг нэг салбар, мөн Замын-Үүдэд салбартай. Эдгээр төв нь өглөө 08.30-аас орой 20:30 хүртэл, амралтын өдрүүдээр ч ажиллаж байгаа.
-Цаашид үзлэгийн төвийн шинэ салбар нээх үү?
-Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх зорилгоор саяхан шинээр хоёр салбар нээсэн. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол дүүрэгт техникийн хяналтын үзлэгийн төвийг шинээр байгуулсан.
Чингэлтэйн техникийн хяналтын үзлэгийн төв нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, "Хүчит шонхор" захаас Баянхошуу явах замд байрлаж байгаа. Харин Баянгол дүүргийн салбар нь БГД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энх тайвны өргөн чөлөө, Цамбагаравын замын эсрэг талд “Мастер плаза” төв дээр ажиллаж байна.
Техникийн хяналтын үзлэг нь жилийн турш тасралтгүй зохион байгуулагддаг. Техникийн хяналтын үзлэгт орж стандартын шаардлага хангаснаар тухайн тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох эрхээ авдаг.
Иймд нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч та бүхнийг техникийн хяналтын үзлэгтээ идэвхитэй хамрагдаарай гэж уриалж байна.
Эх сурвалж: newspress.mn
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оншолгоо гэж мөнгө шаах арга мөнгө л төлсөн бол тэр машин бүрэн бус байх ч хамаагүй тэнцүүлж л байгаа шүү бөөн сүр АТҮТөвийн ганц мөнгө хийдэг арга