“Эрдэнэт медикал” эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч захирал П.Сувдаагаас Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төрөлжсөн мэргэшлийн эмч нарын баг, “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон “Эрдэнэт медикал” эмнэлгийнхэнтэй хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар тодрууллаа.
-П.Н.Шастины нэрэмжит УГТЭ-тэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ямар чиглэлээр хамтран ажиллаж байна вэ?
-2021 онд Эрдэнэт үйлдвэр Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн ажилчдыг УГТЭ-т түргэн шуурхай, чирэгдэлгүй хүлээн авч, шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, шаардлагатай оношилгоо, шинжилгээнд хамрагдахад орчин нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
Мөн “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, сургалт зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байна.
Дөрөвдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд УГТЭ-ийн эмч нарын баг гурван чиглэлээр ажиллалаа. Энэ нь үйлдвэрийн ажилчид болон орон нутгийн иргэд, үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийх замаар эрүүл мэндийн асуудлыг оршин суугаа газарт нь хүлээгдэл, чирэгдэлгүй шийдвэрлэх, орон нутгийн эмнэлгийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж, мэдлэг ур чадварыг нь тасралтгүй сайжруулах дэмжлэгт удирдлагаар хангахад чиглэгдсэн.
Төрөлжсөн мэргэшлийн эмч нарын багийг УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч С.Дариймаа ахалж ажиллалаа. Энэ багт уушги болон зүрх судлалын эмч Д.Жавзан-Орлом, Л.Арьяасүрэн, Ц.Батзаяа нар багтаж хамтран ажилласан байгаа.
-Ямар чиглэлээр үзлэг хийсэн бэ?
-Зүрх судас, уушги, мэдрэлийн чиглэлээр зорилтот 163 хүнд эмнэлгийн үзлэг хийлээ. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн эмч нарын хяналтад байдаг, лавлагаа шатлалын эмнэлгийн үзлэг, оношилгоо, эмчилгээг авах зайлшгүй шаардлагатай хүмүүсийг сонгосон.
Манай эмнэлэгт уушгины эмгэгтэй хүмүүсийн үзлэг нь, “Эрдэнэт” сувиллын цогцолборт зүрх судасны эмгэг болон мэдрэлийн өвчний үзлэг явагдлаа.
Энэ үеэр “Эрдэнэт” сувиллын цогцолбор, “Эрдэнэт медикал” эмнэлгийн удирдлагын бүрэлдэхүүнтэй уулзалт, ярилцлага хийсэн. Энэ ярилцлагаар тусламж үйлчилгээний төрөл хүрээг өргөжүүлэх, орон нутгийн иргэд үйлчлүүлэгчдэд хамтарсан үзлэг оношилгоо хийх талаар ярилцлаа. Манай хоёр байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалт зохион байгуулсан. Ер нь сүүлийн үеийн эмнэлзүйн удирдамж, эмчилгээнд өөрчлөлтүүд гарч байгаа.
Эмч нарын хүсэлтээр сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт арга барил, шинэ технологийн талаар мэдээлэл солилцсон нь энэ удаагийн үзлэг, ажлын байрны дадлага сургалтын онцлог юм.
-Танай эмнэлэг ард иргэдэд хэдэн төрлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна вэ?
-“Эрдэнэт медикал” эмнэлэг, Эрүүл мэндийн даатгалаар хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, өндөр өртөгт оношилгоо, шинжилгээ, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг зэрэг үзлэгээр хангайн бүсийн болон аймгийн ард иргэдэд үйлчилж байна.
Өнгөрсөн оны таван сараас өнөөг хүртэл эрт илрүүлэг үзлэгт 3000 орчим хүнийг хамруулан үзлэг оношилгоог хийгээд байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 7516 хүн 2022 оны урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын энэ жилийн урьдчилан сэргийлэх үзлэг дөрөвдүгээр сарын 17-оос эхлэхээр бэлтгэл ажил хангагдаад явж байна. Энэ онд нийт 9000 хүнийг эмнэлгийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн.
Манай эмнэлэг өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай. Одоогоор бүрэн хүчин чадалдаа арай хүрч ажиллахгүй байгаа. Энэ нь эмнэлгийн зарим тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан, хил гаалийн нөхцөлөөс шалтгаалаад сэлбэг, материал ирэхгүй удааширсан зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Үүнээс үүдэлтэй хүмүүсийн хүлээлт их байна.
-Баярлалаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.