УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Улс төрийн намын тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн ахлагч М.Чимэддорж нар мэдээлэл хийв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Бүлгийн хурлаар Засгийн газраас өргөн барьсан Улс төрд нөлөө хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд төрийн албанд томилогдохгүй байх, Засгийн газрын зээл тусламжид хамрагдахгүй байх агуулгатай хуулийн төслийн мэдээлэл сонслоо. Мөн удахгүй Ерөнхийлөгчөөс өргөн барихаар төлөвлөж байгаа Улс төрийн намын тухай хуулийн төсөл, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барих гэж байгаа. Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч хүн. Энэ асуудалд улс төрийн намууд илүү оролцоотой байж, зарчим дээрээ нэгдэж өргөн барина гэж итгэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Засгийн газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг өргөн барьж, энэ долоо хоногт хэлэлцэх гэж байна. АН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцлээ. Би УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийн хүрээнд энэ хуулийн төслийг 2022 онд санаачилж, УИХ-ын чуулганаар дэмжигдсэн. Энэ хуулийн төслийг зайлшгүй баталж гаргах шаардлагатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчдөөр дамжуулан ард түмний боломжийг хулгайлж буй асуудалд улс төрийн намууд дүгнэлт хийж, улс төрийн нөлөө бүхий этгээдүүдийн хамаатан садан илүү боломж эдэлдэг байдлыг засах шаардлагатай. Энэ асуудалд олон зүйл ярьж, УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Хүний эрх, Үндсэн хуулийн зөрчлийн асуудлыг хөндөж байсан. Өнөөдөр нийт Монголын төрийн чадамжийн асуудал сөхөгдөж байна. Өнөөдөр төрд итгэх итгэл алдарсан. Төрийн баталгаатай зээл, тусламж, тендерийг авч завшдаг, тэрийгээр бизнес хийдэг схем бий боллоо. Тиймээс энэ хуулийг заавал хэлэлцэн батлах ёстой.
Улс төрийн намын тухай хуулийн төслийн дэд ажлын хэсгийн ахлагч М.Чимэддорж:
-Уг хуулийн төслийг Ерөнхийлөгчийн зүгээс удахгүй өргөн барих гэж байна. Монгол Улс улс төржсөн улс болсон. Сонгуулийн насны хүн амын долоон хүн тутмын нэг нь аль нэг улс төрийн намын гишүүн байна. Энэ нь дэлхий дээр хамгийн олон гишүүнтэй гэгдэж буй өмнөд хөршийн коммунист намын гишүүдийн тооноос бараг хоёр дахин их хүн намын гишүүн байгаа юм. Тиймээс намын хатуу гишүүнчлэлтэй холбоотой асуудал Ардчилсан нам анхаарч ажиллаж байна.
Хуулийн төсөлд төрийн санхүүжилтийн механизмыг оруулж ирж байгаатай холбоотойгоор улс төрийн намын санхүүжилт, зарцуулалт, хандив, гишүүдийн татварын дээд хязгаарыг хуулиар тогтоож өгөх ёстой. Түүнчлэн улс төрийн намуудад хуулиар тогтоосон бүтэц, зохион байгуулалтыг бий болгох шаардлагатай. Ялангуяа харилцан бие биеэ хянадаг байх зүйлийг хуульд тусгах хэрэгтэй.
Улс төрийн нам бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг, дэргэдээ бодлогын судалгааны байгууллагатай байх ёстой. Өмчийн асуудлыг хуулиар зохицуулж өгмөөр байна. Мөн нэг болгоомжлол байна. Энэ нь төрөөс улс төрийн намуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийн дор намын бие даасан байдал, иргэд эвлэлдэн нэгдэх замаар улс төрийн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах вий гэсэн болгоомжлол байна. Энэ чиглэлээр АН байр сууриа нэгтгэж байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.