"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу ниссэнээс хойш эргэж ирээгүй. Засгийн газраас "Тавантолгой төмөр зам" компанид БЭТ томилж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан.
Улмаар хууль хяналтынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөн НПГ, АТГ-ын эх сурвалжууд Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудаар шалгаж буйгаа мэдээлсэн. АТГ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд "Өнөөдрийн байдлаар тухайн албан тушаалтан гадаадад байгаа. Гэлээ ч мөрдөн шалгах ажиллагааны зарчим тасралтгүй явах ёстой" гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Дараа нь 2023 оны хоёрдугаар сарын 28-нд "...Н.Удаанжаргалыг яллагдагчаар татсан. Эх оронд нь буцаан авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа" гэсэн.
Мөн түүнийг 2023 оны гуравдугаар сарын 7-нд албан ёсоор "шувуу" хэмээн зарлаж, эрэн сурвалжилж байгааг зарласан.
Тэгвэл "Шувуу" ажиллагааныхан Н.Удаанжаргалын байршлыг олж тогтоосон байна. Тэрбээр Латин Америкт, тодруулбал Аргентин улсад бүгж байгааг тогтоожээ. Мөн Америк руу явахаар зэхэж байсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалжуудын мэдээллээр түүнийг эх оронд нь шилжүүлэн авчрахаар хоёр улсын холбогдох байгууллагууд яриа, хэлэлцээр хийж эхлээд байгаа юм байна. Энэ нь үр дүнтэй болбол Н.Удаанжаргал тун удахгүй хоёр дахь "шувуу" болж ирнэ гэсэн үг.
Ер нь бол, "Шувуу" ажиллагааны хүрээнд оргон зайлсан этгээдүүдийн пасспортыг хүчингүй болгож, дансыг нь битүүмжилсэн нь ийн үр дүнгээ өгч эхлээд байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт "ирсэн" Т.Бадамжунай Филиппинд АТМ-аас мөнгө авах гэж яваад баригдсан.
Н.Удаанжаргалын тухайд ч дансыг битүүмжилснээр түүн рүү мөнгө гуйвуулах явцад нь "алдаа" гарч, хууль хяналтынхан байршлыг тогтоож чадсан байгаа юм. Цаашлаад Америкт оччихоод ирэхгүй байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү мөнгө гуйвуулдаг схем ч ил болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, түүн рүү гэр бүлийнх нь компани, "........." санхүүгийн байгууллага зэрэг 4-5 эх сурвалжаас мөнгө гуйвуулдаг бололтой.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ерөнхиилөгч Баттулга мөн сайн судлаж мэдсэн хүндээ хөдөлмөриин баатар цол өгсөн баына. Одоо энэ хүнииг хөдөлмөриин баатар хулгайч луйварчин гэж дуудах болж бна даа.