Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг дэх шинэ үйлдвэрийн явцыг шалгаж, газар дээр нь ажиллав.
Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, менежментийг нь сайжруулах хүрээнд Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр Морингийн даваанд хог хаягдлын ландфил байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:
-Улаанчулуутын хогийн цэгийн талбай дүүрч байгаа тул 2024 онд хаагдана. Мөн хог булшилж байгаа арга нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Иймд Морингийн давааны хогийн цэг дэх үйлдвэр ашиглалтад орсноор хог хаягдлыг хүлээн авах, боловсронгуй, байгальд ээлтэй аргаар булшлах, боломж бүрдэнэ. Түүнээс гадна барилгыг нураах үед гардаг хог хаягдлыг дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орно. Барилгын хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл. Одоо барилгын явцыг шуурхайлах, стандартын дагуу барихад холбогдох байгууллага хяналт тавьж, нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ
Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувь нь барилгын хог байна. Тус үйлдвэр нь сард 150 мянган тонн хатуу хог хаягдал дахин боловсруулах хүчин чадалтай байна.Эрүүл ахуйн шаардлага хангасан шинэ ландфил байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгын ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалт, угсралтын ажлыг ирэх онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.