УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайланг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:
-Мерит зарчмыг хэрэгжүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ур чадварын хөндлөн шилжилт хийх эрх зүйн үндэс бүрдсэн бөгөөд найман журам нэмсэн. Түүнчлэн төрийн албаны ерөнхий шалгалтыг улирал бүр зохион байгуулснаар төрийн албанд анх орох иргэний нөөц 14 мянгад хүрсэн.
Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалт үр дүнд хүрч байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил буурах хандлагатай байна. Тайлант хугацаанд 415 төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргаж, хариуцлага хүлээсэн. Үүнд:
-Төрийн захиргааны албан тушаалтан 221
-Төрийн үйлчилгээний албан тушаалтан 194 байна.
Цаашид албан хаагчдын тоог нэмэгдүүлэх биш, ур чадвар, гүйцэтгэл өндөртэй, цогц чадамжтай иргэнээс сонгон бүрэлдүүлэх, сургаж бэлтгэх бодлогын шилжилт хийх нь цаг үеийн эрэлт хэрэгцээ болсон.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-Асууж тодруулах зүйлс байна. Төрийн албыг чадварлаг цомхон болгоно гэсэн зорилго байгаа. Цомхон болгоно гэдгийг юу гэж ойлгох юм бэ. Олон арван жил ярьж байгаа асуудал. Төрийн үйлчилгээнийхэн юм уу, төрийн албан хаагчдыг юм уу яг аль хэсгийг цомхон болгох гээд байгаа юм. Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг танилцуулахаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт ажиллаад ирсэн. Энэ үеэр цэцэрлэгийн багш нар "Бид нар хүнд нөхцөлд ажиллагсдын тоонд ормоор байна. Яагаад гэвэл би эмээ гэж дуудуулмааргүй байна" гэдгээ илэрхийлсэн. Тэгэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгааг нь ялгаж салгамаар байгаа юм
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж байгаа нь зүйтэй гэж үзэж байна. Төрийн албыг хүчтэй, хариуцлагатай болгоход чухал үүрэгтэй юм. Сүүлийн жилүүдэд наймаа, гуйлга, тохироо, нөлөөлөлд дунд төрийн алба үнэхээр хүчгүйдэж, сульдсан. Үүний нөлөөллөөс болж, бодит байдалд төрийн жинхэнэ албан хаагчдыг харлуулдаг болсон. Аливаа улс орны төрийн алба хүчтэй байж, иргэддээ шударга, шуурхай үйлчилдэг. Тэр хэмжээгээрээ улс орны хөгжил урагшилдаг. Гэтэл манай улсад төрийн албанд цүнх баригчид, дарга дагаж гүйдэг хүмүүс их болсон. Энэ хүмүүс нь мэргэшсэн төрийн албан хаагчдынхаа нэр хүндийг унагаадаг. Үүний улмаас төр гэж замбараагаа алдсан, цомхотгох хэрэгтэй гэх яриа ч тархсан. Иймд бид зүгээр нэг тайлан сонсоод зогсохгүй заавал арга хэмжээ авах шаардлагатай. Гадны орнуудад төрийн албан хаагчаас авдаг шалгалтдаа тухайн хүний иргэдтэй харилцах хандлага, ёс зүй ямар байна вэ гэдэг шалгуур нэгдүгээрт байдаг. Харин манай улсад тухайн шалгуулагчийг унагаах, танин мэдэхүйн шинж чанартай хүнд асуултууд оруулж байгаа үүнийг өөрчлөх ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.