СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-05

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Парламентад суудалтай улс төрийн гурван төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барилаа.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсэг дараах таван онцлогтой төсөл боловсруулжээ.

-Сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно.
-Сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулсан. 
-Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна. 
-Намуудын УИХ-д суудал авах босго оноо гурван хувь байна. 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болгосон.
-Эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгана. Өмнөх хуульд 20 хувь байсан юм. 

Парламентад суудалтай улс төрийн гурван төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьсны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Сонгуулийн зардал хэмнэх, мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай. Холимог тогтолцоо гэдэг нь 50 хувь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос сонгогдох зохицуулалт юм. Гадаадад сурч, ажиллаж байгаа хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс санал өгөх хугацааг нь нэмсэн. 

Өмнө нь можаритор тогтолцоогоор сонгуулиа зохион байгуулдаг байсан бөгөөд хамгийн том шүүмжлэл нь иргэдийн саналын тал хувь нь УИХ-ын гадна үлддэг гэдэг ойлголт байсан. Нийт дүнгээрээ 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ дээр 70-80 хувийн бүрдүүлж байгаа нь шударга ёсны хувьд байж боломгүй гэж олон нийт үздэг. Мөн нийгмийн бүхий л давхаргын үзэл бодол парламентад тусгалаа олохгүй байна гэдгийг олон жил шүүмжилж ирсэн. 

Тиймээс бид Сонгуулийн тухай хуулийн төслөө боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг хараагүй. Олон намын оролцоотой, сонгуулиудын үр дүн, нийгэм, улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурийг нэгтгээд хуулийн төслөө боловсруулсан. 

Сонгууль эхлэхээс жилийн өмнө энэ хууль батлагдсан байх ёстой. Энэ оны зургаадугаар сарын 20-нд багтаан батлах шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Тус хуулийн төсөлд Засгийн газраас санал авсан. Бүх улс төрийн намын саналыг мөн тусгасан. Үр дүн бодитой гарна. Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болно. Өөрөөр хэлбэл 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдоно гэсэн үг. Монгол улсын 3.4 сая иргэнийг төлөөлдөг болно. Үр дүнд нь бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, бодлого ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно.

Гадаадад байгаа 200 мянга орчим иргэдийн санал бодитоор тусах боломжтой болж байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өснө. 

Хамгийн чухал зүйл сонгуулийн зардал байдаг. Энэ талаарх заалт хуулийн төсөлд орсон. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна гэлээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.