СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн өмчит уурхайнуудын удирдлагын хэргийг шалгаж дуусав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

“Эрдэнэс Монгол” компанийн харьяанд багтдаг, төрийн өмчит “Багануур” ХК-ийн удирдлага эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон хэргийн нэмэлт мөрдөн байцаалтыг АТГ-ын хийж дуусгажээ.

Тус компанийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэлд холбогдсон. Түүнтэй хамт тус уурхайн ерөнхий нягтлан бодогч П.Эрдэнээг ч шалгаж дууссан аж. “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Номинчулууны хахууль авсан хэргээс гадна тус компаниас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, хөрөнгө завшсан гэх үйлдлийнх нь ч мөрдөн байцаалт дууссан байна.

АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт 845 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас зургаад нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсний дотор дээрх “Багануур” ХК-ийн удирдах албан тушаалтнуудын хэрэг багтсан аж. Тэгвэл НПГ-аас төрийн өмчийн оролцоотой алтны уурхайн удирдах албан тушаалтны хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, “Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрийг хэд хэдэн үндэслэлээр шалгасан. Тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ авах шийдвэр гаргаж, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутгасан юм.

Мөн алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэмээн шалгасан билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.