Хилийн боомтоор ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Түр хороо энэ сарын 10-12-ны өдрүүдэд нээлттэй сонсгол зохион байгуулахаар товлоод байсан. Гэсэн ч АТГ-аас тус сонсголыг хойшлуулах санал хүргүүлжээ.
УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд:
-УИХ-аас хилийн боомтоор ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох түр хороог 2022 оны зургаадугаар сарын 16-нд байгуулсан. Тухайн түр хороо есөн сарын турш үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ хугацаанд төрийн болон хууль хүчний, бусад байгууллагаас 20 гаруй мянган хуудас нотлох баримтыг авч, шинжилж судалсан. Ингээд энэ сарын 10-12-ны өдрүүдэд түр хорооны сонсголыг нээлттэй явуулахаар товлоод байсан.
Хуулийн хүрээнд долоо хоногийн өмнө сонсголд гэрчээр дуудах хүмүүсийн нэрсийг зарлах ёстой. Үүний дагуу шинжээчдийн дүгнэлтээр 114 орчим хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөж түр хорооны хурлыг хийлээ. Гэсэн ч АТГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу түр хороог тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар болж байна.
Учир нь УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33.9-д заасны дагуу түр хорооны үйл ажиллагаа нь шүүх болон бусад байгууллагын үйл ажиллагаанд хөндлөгөөс оролцох эрхийг зөрчиж байна хэмээн үзсэн байна.
Нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулж дийлэнх гэрчид эрүүгийн хэрэг үүсгэсэн, түр хорооны сонсголд үнэлэх гэж буй нотлох баримт нь мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулах, мөрдлөгт хөндлөгөөс саад учруулах гэх мэт асуудлын үүсгэх тул түр хорооны хурлыг хойшлуулах саналыг АТГ өгчээ. Хяналт шалгалтын түр хороо үүнийг үндэслэлтэй хэмээн үзэж сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар боллоо гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.