Хан-Уул дүүргийн 19-р хорооны "Грийнхаус" хотхоны СӨХ-ны дарга С.М нь "Грийнхаус" хотхоны хажууд баригдаж байгаа барилгыг эсэргүүцсэн самбар байршуулжээ. Тухайн самбарыг Кёкүшюзан Д.Батбаяр хутгаар хуулж зүсэн танхайрсан гэх гомдол мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар албан ёсны зөвшөөрөлгүй барилга барьж байна гэж үзэж, хотхоны орчим барилга бариулахыг оршин суугчид эсэргүүцсэн байна.
Тодруулбал, Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар "Грийнхаус" хотхоны байранд нийтийн орон сууцны орчны булан тохой бүрт "Токио тауэр", спорт заал, таун хаус, 14 айлын орон сууц гэх таван барилга бариад бүгдийг зарж дуусгасан. Одоо "Грийнхаус" хотхоны урд талын спорт заал, орон сууцыг нурааж, 14 давхар оффисын барилга барих гэнэ. Энэ бага зай талбайд өндөр барилга баривал хотхоны 300 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдөх болно.
Энэ гэр бүлийн хоёр хүн орчны бүх газрыг ховх сорж, мөлжиж дуусгасан ч ханаж цадсангүй. Бидний амьдралыг бусниулж, орон гэрээсээ дайжих нөхцөл рүү тулгахыг зөвшөөрөхгүй. Бид хотхоноосоо хаашаа ч явахгүй. Бидний амьдралд саад болохгүй савраа татаарай, барилга барихыг эсэргүүцэж байна. Барилга барихыг зогсоох хүртэл бид тэмцэх болно" хэмээн оршин суугчдын төлөөлөл бичжээ. Улмаар тус бичигтэй хулдаасан хэвлэлийг иргэн Д.Батбаяр хутгаар хуулж зүсэж, авч явж танхайрсан гэж оршин суугчдын төлөөлөл өргөдөл гаргасан байна.
Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.