Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг(УХТЭ)-ээс үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр сонгодог "Хөгжмийн булан"-г нээжээ.
Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийн сэтгэл санааг тогтворжуулах, сэтгэл хөдлөл, бие махбодын асуудлыг тодорхойлох, булчин суллахад эерэг нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүдэд энэхүү аргыг ашиглаж, хөгжмийн буланг ашигладаг аж.
Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган:
-Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө, нөгөөтэйгүүр эмчлүүлэгч, эмч ажилтныхаа стрессийг тайлах зорилгоор сонгодог хөгжмийн булангаа хийх боломж бүрдэж, өнөөдөр ийнхүү нээж байна.
Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажилчдын стрессийг тайлах боломжтой бөгөөд хүн сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг.
Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, энэ төрлийн ААН-үүд, хувь хүмүүстэй хамтран энэхүү сонгодог хөгжмийн булангаа тогтмол ажиллагаатай байх талаар анхаарна. Эхний ээлжид долоо хоногтоо 2-3 удаа урилгаар хөгжимчид авчирч тоглуулж байхаар төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжсэн яаралтай тасгийн хамт олон, амбулаторийн хамт олон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд талархсанаа илэрхийлье гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.