“Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.
Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авахдаа Шинжлэх Ухааны Академи, Соёлын яам, МУИС болон салбарын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл бүхий мэргэжлийн зөвлөлийнхөө санал, дүгнэлтэд үндэслэн, Төв банк холбогдох шийдвэрийг гаргадаг байна. Харин зарлагын тухайд, Эрдэнэсийн санг үндсэн болон гүйлгээ санд хуваах бөгөөд үндсэн сан байнгын болон байнгын бус хэсгээс бүрддэг байна.
Үндсэн сангийн байнгын хэсэгт байх хосгүй үнэт түүх, соёлын дурсгалт зүйлсийг худалдах, шилжүүлэх, захиран зарцуулахыг хуулиар хориглодог. Харин үндсэн сангийн байнгын бус хэсэгт олон улсын жишгээр цэвэршүүлсэн үнэт металл, засаж өнгөлсөн эрдэнийн чулуу, түүх, соёлын үнэт дурсгалт зүйл, үнэт болон бусад металлаар хийж нөөцөд авсан зоос байдаг бөгөөд эдгээрийг зөвхөн Улсын Их Хурлын шийдвэрээр бусдад шилжүүлэх, худалдан борлуулах зохицуулалттай гэдгийг Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван тайлбарлав. Мөн 1994 оноос хойш Улсын Их Хурал энэ төрлийн ямар нэг шийдвэр гаргаагүй тул Монгол Улсын Эрдэнэсийн сангаас энэ хугацаанд ямар нэг эд зүйлс гаргаагүй гэв.
Үргэлжлүүлэн өнгөрсөн онд түүх соёлын дурсгалт зүйлс, байгалийн төрц гэх зэрэг эрдэнэсийг шилжүүлж авахаар 2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн ч 954 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн. Мөн 200 орчим дурсгалын зоос орлогодохоос 108 ширхэг дурсгалын зоос авчээ. Эрдэнэсийн сангийн талаар хуульд зааснаас бусад бүх асуудал нээлттэй, ил тод байгааг дахин тодотгов.
Эрдэнэсийн сан нь 1984 онд үнэт метал, эрдэнэсийн зүйлсийг цуглуулж, хадгалж, хамгаалахаар байгуулагдсан бөгөөд үнэт метал, эрдэнэсийн зүйлсээр урласан урлагийн бүтээлүүдийг хадгалдаг болохыг танилцуулсан. Монгол Улсын Эрдэнэсийн санд 1 их наяд орчим төгрөгийн үнэлгээтэй үзмэр бий. Тэдгээрийг олон нийтэд нээлттэй үзүүлэхийн зэрэгцээ “Чингис хаан” музейтэй хамтран ажиллаж, зарим хосгүй үнэт үзмэрүүдийг тус музейд дэглэн олон нийтэд үзүүлж байгаа. Сангийн тооллого, бүртгэлийг жил бүр хөндлөнгийн байгууллага гүйцэтгэж байдаг, ямар нэг үзмэр, бүтээл алдагдаагүй гэв.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 45 гишүүний 64.4 хувь нь дэмжснээр “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоол батлагдав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.