Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн бүлэг этгээд нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйлс ашиглан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, айлган сүрдүүлэх, хүчирхийлэх зэрэг гэмт хэргийг саяхан үйлджээ. Энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас тусгай чиг үүргийн хүрээнд шуурхай илрүүлэн таслан зогсоожээ.
Тухайлбал, урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан эрүүгийн этгээд болох "Ука" хочит Л.Алтанхуягийн захиалснаар "Хулнаа" хочит Б.Хулансамбуу, "Ууганаа" хочит Б.Ууганзаяа, "Сайхнаа" хочит П.Энхсайхан нар нь 2023 оны гуравдугаар сарын 05-07-ны өдрийг хүртэлх хугацаанд нэр бүхий иргэний Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах хоёр орон сууцны эзэмших гэрээг хүч хэрэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан айлган сүрдүүлж, өөрийн нэр дээрээ шилжүүлэн авчээ. Уг гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж. Түүний гэр болон тээврийн хэрэгслээс 4 ширхэг хутга, хийн гар буу болон ангийн зориулалттай сум, амьсгал боогдуулагч зэргийг хураан авсан байна.
"Ука" хочит Л.Алтанхуяг нь өмнө нь 2009-2021 онд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг авахаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх, галт зэвсэг, хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших зэрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байжээ.
Мөн “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах “Андын илч” ХХК-ний эзэмшлийн гаалийн хяналтын талбайд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Майробалан” ХХК-ийн ажилчид, жолооч нар руу 2023 оны 02 дугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд 20 гаруй гэмт этгээдүүд дайрч довтлон, айлган сүрдүүлэн заналхийлсэн” гэх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Дээрх үйлдэлтэй холбогдуулан "Ука" хочит Л.Алтанхуяг нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий 17 иргэдтэй “Андын Илч” ХХК-ийн өмнөх захирал О.Энхбаяр болон түүнтэй хамт очсон “Шонхор тас” ХХК-ийн ажилчидтай маргаан үүсгэжээ. Улмаар уурхайн талбайд байгаа техник, тоног төхөөрөмжийг өмнөх захирал О.Энхбаярт олгуулахгүй байх зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйлс ашиглаж айлган сүрдүүлж, заналхийлсэн гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болно” гэсний дагуу мэдээллийг хүргэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.