УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан /2023.03.30/ эхэлж, хэлэлцэх асуудлын талаар санал авах үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг шүүхийн нэр хүнд унасныг онцлон тэмдэглээд, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлэх горимын санал гаргалаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Хоёр асуудлаар санал хэлье. Зовлон үзсэн чавганц гэдэг шиг УИХ-ын гишүүд бол ард түмнээс сонгогдсон төлөөлөгч. Гэтэл мэдэх эрхийг нь боогдуулж байна. Өнгөрсөн жил дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирээд бужигнуулсан. Хэнийг ч гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэт зарлаж байна. Хэд хоноод нэр нь солигдоод оруулаад ирдэг. Хүмүүс хэн юм бол гэж хайгаад л... Хуулийн байгууллагын нэр хүнд унаж байна. Дарга нар захиалга өгч хуулийнхан захиалгаар ажиллаж байна гэж иргэд хэлж байна.
Баахан гишүүдийн нэр зарлаад, тэд дараа нь хэн ч биш болдог. Дараа нь чуулган хаалгаа хааж аваад нууцаар хуралддаг. Хэн нь хулгайч юм, ил яримаар байна. МАН-ын тоглоом болчих вий. УИХ дээр баахан хаалттай хэлэлцчихээд шүүх рүү шилжүүлдэг. Шүүх нь ядаж нээлттэй хэлэлцэж болдоггүй юм уу. Ард иргэд мэдэх эрхтэй шүү.
УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг нээлттэй хэлэлцдэг байя, УИХ-ын дарга Г.Занданшатар аа!
Шударга бусын эсрэг ядарсан Монгол иргэд баялагтаа эзэн болохын төлөө тэмцэж байгаа нь зөв зүйтэй зүйл. Гэхдээ одоо бид УИХ-ын гишүүн шүү. Хавар боллоо л гэх юм. Хавар ажил хөдөлмөрөө эхлүүлдэг болохоос тэмцдэг улирал биш. Үнийн өсөлтийг зогсоох талаар их хурал яримаар байна гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Тамгын газраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг нээлттэй хэлэлцэх бололцоо бий эсэхийг тодрууллаа.
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан "Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн 12-ын 2 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын 22-ын 2-т заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хэлэлцэнэ гэж хуульчилсан. Хэлэлцэх асуудал Төрийн болон албаны нууцын тухай хуульд заасны дагуу "нууцын зэрэг"-тэй орж ирсэн" гэлээ.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимд шилжлээ.
Дахин сануулахад, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Мөн УИХ-ын Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороод шөнө дөл болтол хуралдаж, Халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.