Ж.Мандхай: Ноолуур гэх гайхалтай зүйлийг дэлхий дахинтэй хуваалцмаар байна
Жаргалсайханы Мандхайн хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард http://www.twenty6magazine.com сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Та өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулна уу. Яг юу таныг загварын ертөнцөд дурлахад хүргэв?
-Намайг Жаргалсайханы Мандхай гэдэг. “Mandkhai” брэндийн үүсгэн байгуулагч. Социалист нийгмийн үеэс буюу Монголд анх удаа ноолуурын бизнес эрхэлж эхэлсэн гэр бүлээс гаралтай. Миний бага нас эцэг эхтэйгээ хамт ноолуурын үйлдвэрт өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, ноолуурын үйлдвэр миний тоглоомын талбай байлаа. Миний хийдэг ажил үйлдвэрийн ажилчдын юу хийж буйг харах болон ноолууран бүтээгдэхүүний өөдсөөр тоглох байсан гэхэд хилсдэхгүй болов уу. Багаасаа хувцас загварын салбартай холбогдсон болохоор, нөгөө талаас ээж минь намайг ийнхүү загварын салбартай чинь сэтгэлээсээ холбогдоход нөлөөлсөн. Загварын чиглэлээр Лондонд сурахад үнэхээр гайхалтай байсан. Учир нь энэ хотод загвараар дамжуулж өөрсдийгөө илэрхийлэхээс ичдэггүй маш олон уран бүтээлч байдаг. Түүнчлэн Лондон хотын оршин суугчдын эрх чөлөөт байдал надад маш их таалагддаг.
-Яагаад зөвхөн ноолуурыг сонгохоор шийдсэн юм бэ. Ноолуурын талаарх хүмүүсийн хуучинсаг үзэл баримтлалыг хэрхэн өөрчлөхөөр төлөвлөж байна?
-Би ноолууран дунд өссөн. Ноолуур бол байгалийн бүтээсэн хөвөн утас. Тийм ч учраас би энэ гайхалтай зүйлийг дэлхий дахинтай хуваалцахыг хүссэн юм. Ноолуураар зөвхөн нэг төрлийн хувцас хийдэг юм биш. Хүрэмнээс эхлээд маш чамин даашинз хүртэл урлаж болдог. Иймээс “MANDKHAI” брэндээр дамжуулж хүмүүс ноолуурыг орчин үеийн, сонирхолтой байж болохыг, бас маш чанартайг харах болно. Мөн Монголын ноолуурын талаар хүмүүст мэдүүлж, энэхүү байгалийн гаралтай гайхамшигтай зүйл бидэнд ямар сонирхолтой хувцасны сонголтуудыг өгч байгааг хүмүүс олж харна гэж найдаж байна.
-Сүүлд гаргасан коллекцоороо дамжуулж яг ямар санаа илэрхийлэхийг хүссэн бэ?
-Монголын ноолуурыг орчин үеийн хэрэгцээтэй холбохыг оролдсон байгаа. Түүнчлэн загваруудыг гар хатгамалаар чимэглэж, сарлагийн хөөвөр ашигласнаараа онцлог. Сүүлийн үед бүтээгдэхүүнүүддээ сарлагийн хөөвөр ашиглах талаар судалж байгаа.
-Бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хэрхэн хангадаг вэ?
-Бид ноолуурыг хаврын цагт их хэмжээгээр нь авдаг. Монголын ямаа болон хонь хүссэн газартаа бэлчиж, өвлийн -50 хэмд тэсвэртэйгээрээ онцлог. Тиймээс монгол ноолуурын чанар нь бусад улсын фермерийн ямааныхаас хэд дахин илүү. Үүнээс гадна ноолуурыг боловсруулах бүх процессыг бид өөрсдөө бие дааж явуулдаг. Ноолуур нь өөрөө байгалийн гаралтай болохоор үйлдвэрт хаягдал гэх зүйл ч бараг гардаггүй.
-Хувцасны байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулахын тулд загварын салбарынхан яг юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?
-Хүрээлэн буй орчинд хамгийн их бохирдол үүсгэгчдийн нэг нь яах аргагүй загварын салбарынхан. Энэ салбар дахь аливаа эерэг өөрчлөлт бүр байгаль орчинд сайн нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Харин эрхэлж буй бизнес бол байгаль орчинд ээлтэй гэдгийг би итгэлтэйгээр хэлж чадна. Иймээс загварын салбарынхан байгалийн гаралтай хөвөн, даавууг бүтээгдэхүүндээ ашиглаж, энэ төрлөөр үйл ажиллагаа явуулж буй брэндүүдийн үйл ажиллагааг дэмжиж, өөрчлөлт хийх хэрэгтэйн болов уу гэж бодож байна.
Эх сурвалж: www.twenty6magazine.com